
Швейцарийн эрдэмтэн судлаачид саяхан хиймэл хуруу, гараар аливаа зүйлийг бодитоор мэдрэх боломжтой болсон тухай мэдээлэв. Золгүй тохиолдлоор гар, хөлнөөсөө салж, тахир дутуу болсон хүмүүст энэ нь мэдээж тун сайхан мэдээ болж байгаа нь дамжиггүй. Өдийг хүртэл ашигласаар ирсэн хиймэл гар, хөл бол ердөө байхгүй зүйлийг байгаа мэт харагдуулах л үүрэг гүйцэтгэж байсан. Харин хүний биеийн нэг хэсэг мэт болтлоо хөгжиж чадаагүй байсан юм. Эрдэмтдийн шинээр бүтээсэн энэхүү био гарыг электродоор дамжуулан хүний мэдрэлийн тогтолцоотой шууд холбож өгөх учир хүн гурван хуруугаараа дамжуулан хүрсэн, барьсан зүйлээ мэдэрч, энэ тухай мэдээллийг тархинд чөлөөтэй дамжуулдаг болох гэнэ.
Одоогоор ашиглаж буй хиймэл гар хөл нь хөдөлгөхөд төвөгтэй учир тахир дутуу хүмүүсийн 50 гаруй хувь нь огт ашигладаггүй гэж хэрэглэгчид хэлжээ. Харин био гар уян хатан, мөн хүний жинхэнэ эд эрхтэн шиг мэдрэмж учир хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст их олон төрлийн боломж нээгдэж байгаа юм. Анагаах ухаан, технологийн дэвшлийг харуулсан энэхүү био гарыг энэ оны эцсээр Ром хотод нэгэн өвчтөнд суулгаж, анхны туршилтаа хийх юм байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ