“Зоос” банкны хэрэгт Д.Бямбасүрэнг эрэн сурвалжилж эхэллээ
“Зоос” банктай холбоотой хэрэгт иргэн Д.Бямбасүрэн гэх этгээдийг Эрүүгийн цагдаагийн газраас эрэн сурвалжилж эхэллээ. Түүнийг “Зоос” банкинаас хуурамч баримт бүрдүүлэн их хэмжээний мөнгө залилсан гэх 20941028 тоот хэрэгт яллагдагчаар татсан байна. Эрэн сурвалжлагдаж байгаа Д.Бямбасүрэн нь Дорнод аймагт төрсөн. Тэрбээр хэрэгт татагдахаасаа өмнө Техникийн их сургуульд багш, Барилга хот байгуулалтын яаманд тус тус ажиллаж байжээ.
Шил шилээ даран дампуурал зарласан банкуудын хэргийг цагдаа, прокурорын байгууллага хэдэн жил дамнуулан шалгасан ч түрүүчээсээ буцах хаяггүй буух эзэнгүй болж байна. Тухайлбал, төрөөс “Зоос” банкыг анх дампуурахад нь Төрийн банк болгон өнгө зүсийг нь хувиргаж цагдаагийн байгууллагаас удирдлагуудад нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Гэвч хэдэн он дамжин шалгаж бөөн ажил, зардал чирэгдэл учруулсан уг хэргийн эздийг төр өршөөж, ял зэмгүй үлдээсэн юм.
Бүр зарим нэг нь цагаатсанд өдгөө олон хүн бухимдаж буй. Өнгөрөгч 2010 оноос хойш “Зоос” банкны захирал Ш.Чуданжийд Эрүүгийн хуулийн хуулийн 150.3 дахь хэсэгт зааснаар хэрэг үүсгэн шалгаж, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс зургаан жилийн хорих ял оноосон юм. Гэвч түүний ялыг 2009 онд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж зургаан жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж харилцагч, хадгаламж эзэмшигчдэд учруулсан 1.6 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах шийдвэр гаргаж байв.
Банк дампууруулсан хэрэгт тухайн үед Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга Х.Пүрэвсүрэн ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нарыг холбогдуулан шалгасан ч мөрдөн байцаалтын явцад гэм буруутай болох нь нотлогдоогүй учир НПГ-аас хэрэгсэхгүй болгосноор тэд ч ялаас мултарсан.
Харин Ш.Чуданжий анхан шатны шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсанаар 1.6 тэрбум төгрөгийг төлөхөөс зайлсхийж чадсан юм. Бүр тодруулбал, давах шатны шүүхээс Ш.Чуданжийг 1.6 тэрбум төгрөгийн хохирол төлүүлэх асуудлыг иргэний журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргаж олны чихийг дэлдийлгэсэн. Уг хэргийг шалгах үеэр томилогдсон шинжээчид түүнийг харилцагч, хадгаламж эзэмшигчдийн 1.6 тэрбум төгрөгийг үрэгдүүлсэн гэсэн дүгнэлт гаргасан. Энэхүү дүгнэлтийг үндэслэн 1.6 тэрбум төгрөгийг төлүүлэх нь зөв гэсэн шийдвэр гарч байв.
Тэрбээр дээрх мөнгийг хүмүүст зээлдүүлсэн гэж тайлбарладаг ч шалгалтын явцад хэнд, хэчнээн төгрөг зээлдүүлсэн нь тодорхойгүй үлдэж тэр их мөнгийг хэн хүүдийлсэн бэ гэдэг асуулт хариултгүй үлдсэн юм. Өдгөө тэрбээр хувийн бизнес эрхэлж байгаа бөгөөд “ACE энд Т Капитал” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байна. Арван жил “Зоос” банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан энэ хатагтай одоогоор Хан-Уул дүүрэгт байрлах “Оргил” хотхонд амьдарч 7491 УБЦ хэмээх улсын дугаартай BMW хөлөглөн хувийн бизнесээ цэцэглүүлж явна.
Харин түүний удирдаж явсан Зоос банкинд мөнгөө хадгалуулж хохирсон иргэд модоо барьж экс Ерөнхийлөгчид хүртэл захидал бичиж сууна. Түүнчлэн уг банкыг дампуурахад гар бие оролцсон эрхмүүдийн жагсаалтыг зүй ёсоор тэргүүлэх хүмүүсийн нэгдүгээрт, тус банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга П.Сэлэнгэ нар юм.
“Зоос” банкны 113 дугаар салбарын захирлаар ажиллаж байсан тэднийг бусдын эд хөрөнгийг завшсан, хуурамч баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж ялласан боловч анхан шатны шүүхээс цагаатгасан. Анх банк дампуурсны дараа Ш.Чуданжий, П.Сэлэнгэ нарт хамт нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан боловч хяналтын прокурор нь хэргийг нь тусгаарласан юм. Ингээд хоёр тусад нь шалгаж шүүхээр шийдвэрлэхдээ Ш. Чуданжийг өршөөж, харин П.Сэлэнгэ нарыг цагаатгах тогтоолыг шүүхээс гаргасан билээ. Олны анхаарлаас гадуур үлдсан нэг зүйл бол уг хэргийг анхнаас нь шалгахад хяналт тавьсан нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбатыг гэнэт орон нутаг руу томилсон нь зарим хүмүүсийг гайхахад хүргэсэн. Өдгөө “Зоос” банкыг хэн дампууруулсан нь тодорхойгүй болж, хохирогчдын мөнгө хөөс болон замхарч байна. Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ