МСБХ-ны шинэ удирдлагууд мэдээлэл хийв

img

Монголын сагсан бөмбөгийн холбоо шинэ удирдлага, зохион байгуулалтад орж байгаатай холбогдуулан Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.  Хэвлэлийн хуралд тус холбооны шинэ ерөнхийлөгч Ч.Ганхуяг, дэд ерөнхийлөгч А.Амундра, МУГТ Ц.Шаравжамц, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Оргил, сагсан бөмбөгийн спортын мастер, Б.Батпүрэв, ахмад тамирчин Д.Батцолмон, ОУХМ М.Отгонбаяр нар оролцов. Монголын сагсан бөмбөгийн холбооноос 21 аймгийн салбар зөвлөлийн гишүүд, төлөөлөл, шигшээ багийн тамирчид, багийн эзэд, ахмад тамирчид, дасгалжуулагчид нийлсэн 150 гаруй хүн оролцсон  чуулганыг энэ сарын 1-нд зохион байгуулсан.  Тус чуулганаар 2013-2014 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дүрмийн өөрчлөлт, зохион байгуулалт, бүтэц бүрэлдэхүүний шинэчлэл зэрэг асуудлыг хэлэлцэж баталсан хэмээн МСБХ-ны шинэ ерөнхийлөгч Ч.Ганхуяг хэвлэлийн хурлын эхэнд танилцууллаа. Монголын сагсан бөмбөгийн холбоо нь 1962 онд байгуулагдсан цагаас эхлэн сагсан бөмбөг сонирхогчдын дунд мэргэжлийн түвшинд, нас насны ангилалаар тэмцээн уралдаан зохион байгуулж ирсэн. Харин 1994 онд үйл ажиллагаандаа шинэчлэл хийж, дээд Лигийн тэмцээнийг зохион байгуулж, FIBA буюу Олон Улсын Сагсан бөмбөгийн Холбоонд 2000 онд элсэж, албан ёсны гишүүнээр тасралтгүй  13 жил ажилласан бөгөөд Азийн сагсан бөмбөгийн холбоонд  гишүүнчлэлтэй ганц байгууллага. Тиймээс ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргах эрх зүйн чадамжтай үндэсний хэмжээний цорын ганц байгууллага нь МСБХ юм.  Энэ жилийн хувьд заал, танхимийн асуудлаас үүдэн дээд лиг түр хугацаагаар хойшлогдсон ч өсвөр үе, идэрчүүд, залуучууд, насанд хүрэгчид болон УАШТ, хүүхдийн лиг, оюутны лиг, холбоодын тэмцээн хуваарийн дагуу зохиогдоно гэлээ. Шинэчлэгдсэн Монголын сагсан бөмбөгийн холбоо маргаашнаас эхлэн доорхи ажлуудыг эхлэхээр болжээ. Тухайлбал,Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 262 тоот тогтоолын дагуу Монголын оюутны спортын Универсиад III ихнаадмын сагсан бөмбөгийн нийслэлийн бүсийн тэмцээнийг энэ сарын 23-24-ны өдрүүдэд зохиох юм. Энэхүү арга хэмжээг Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Нийслэлийн биеийн тамир спортын газартай хамтран зохион байгуулах бөгөөд тус тэмцээний ерөнхий шүүгчээр МБСХ-ны ОУ-ын шүүгч Д.Ганзориг  ажиллана. Тус тэмцээнд нийтдээ 30 их дээд сургуулийн 300 гаруй тамирчин оролцоно. Мөн МСБХ, “Хасын хүлгүүд” клубтэй хамтран АНУ-аас “Athletes in action”  клубын өсвөрийн багийг урьсан бөгөөд тэд 25 хүний бүрэлдэхүүнтэйгээр ирэх зургадугаар сард манай улсад ирэхээ албан ёсоор мэдэгдсэн  аж. Ингэснээр сагсан бөмбөгийн эх орон гэгддэг АНУ-ын мэргэжилтнүүдээс туршлага судлах, хоёр орны өсвөрийн баг хамтарсан бэлтгэлд гарах зэрэг хөгжлийн үүд хаалга нээгдэнэ гэж энэ үеэр мэдэгдлээ. Түүнчлэн монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн 26 гүшүүний нэрийг баталсан бөгөөд тэд маргаашнаас эхлэн Зүүн Азийн аварга шалгаруулах  сагсан бөмбөгийн тэмцээнийн бэлтгэлдээ орно. Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар О.Баярцогт, туслх дасгалжуулагчаар АНУ-ын иргэн Luke Simons нар ажиллана гэлээ. Хурлын төгсгөлд тус холбооны шинэ ерөнхийлөгч Ч.Ганхуягаас “МСБХ-ны гэрчилгээг хүчингүй болгосон гэх мэдээллийг тодрууллаа. Тэрбээр “Улсын бүртгэлийн ерөнхий газраас энэ сарын 1-ний өдөр “Бүртгэл хүчингүй болгох тухай” тушаал ирүүлсэн. Уг тушаалд “Монголын сагсан бөмбөгийн холбоо ТББ-ын 2012 оны гуравдугаар сарын 27-ны өдөр бүртгэлд орсон улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосонд тооцсугай. Учир нь холбогдох зарим нотлох баримтуудын бүрдэл дутуу, дүрэм нь холбогдох тогтоомжид нийцэхгүй байна”  гэсэн утга бүхий албан бичиг байсан. Гэхдээ энэ тушаалыг хэрэгжүүлэх боломжгүй гэж бид үзэж байгаа. УБЕГ уг тушаалд дурьдсан үндэслэлийг баримтлах үүрэгтэй  ч яагаад бараг жилийн дараа албан бичиг явуулж байгаа юм. Анхнаасаа бүртгэх боломжгүй байсан бол тухайн үед нь шийдвэрлэх ёстой байсан” гэв. П.Наран Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

jordan:
mongoliiin sags gj yu baisiin be bolih heregtei shd hezee ch haana ch chadahgui
2013-02-23
http://www.facebook.com/charles.edwardkrasny?fref=ts
2013-02-23
Erdneegiin hiij bgaa buzar ajil .zahiin neg gudamjnii uruul tatanhai batsaand tolgoigoo bariuldag gishyyn gej baidgaa.
2013-02-23
Sain zaluu shy amjilt
2013-02-23