МҮОХ-ны хуулийн зөвлөх Б.Наранцэцэгийг хорьжээ
Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн болон тус хорооны хуулийн зөвлөхийн алба хашдаг Б.Наранцэцэг нарын гурван хүнийг өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт прокурорын зөвшөөрлөөр АТГ-ынхан Цагдан хорих 461-р ангид хорьжээ.
Саатуулагдаад буй Б.Наранцэцэг нь МҮОХ-ны хашаан дотор баригдсан “Тамирчин” сэргээн засах сувилалын захирал гэнэ. Эл сувилал нь 2008 оноос үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 11 ажилтан хоёр их эмч ажилладаг аж.
Тус хорооны дэд ерөнхийлөгч Ц.Дамдингаас дээрх мэдээллийг тодруулахад “Д.Загдсүрэн даргыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа нь үнэн. Гэхдээ ямар үндэслэлээр шалгуулж байгааг нь мэдэх юм алга. Хууль хяналтын байгууллагын шугамаар та бүхэн мэдээллээ авах нь зүйтэй. Би хувь хүнийнхээ хувьд даргынхаа талаар ярилцлага өгөөд сууж байх нь зохимжгүй юм” гэв.
ШШГЕГ-ын эх сурвалжийн мэдээллээр тэднийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан нь үнэн гэсэн мэдээллийг өгсөн. Харин АТГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан н.Билгүүн үдээс хойш Д.Загдсүрэнтэй холбоотой мэдээллийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс тодруулж өгнө гэж мэдэгдээд байгаа.
Тэгвэл бидэнд байгаа мэдээллээр МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, тус хорооны хуулийн зөвлөх Б.Наранцэцэг нарт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Эрүүгийн хуулийн 150.2 буюу Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан гэсэн үндэслэлээр шалгаж байгаа аж.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 265.2 буюу Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учруулсан гэдгээр хариуцлагад татжээ.
[caption id="attachment_202536" align="alignleft" width="319" caption=""Тамирчин" сувилалын байр"]
[/caption]
Бүр тодруулбал, АТГ-аас Д.Загдсүрэн, Б.Наранцэцэг нарыг Олон улсын олимпийн хорооноос төдийгүй Монгол Улсын Засгийн газраас Монголын тамирчдын бэлтгэл сургуулиалт, дэлхийн хэмжээний уралдаан тэмцээнд зарцуулах зориулалтаар өгдөг мөнгийг "Тамирчин" гэх сувилалын дансаар дамжуулан гаргаж авч шамшигдуулж байсан гэх.
Түүнчлэн Д.Загдсүрэнг МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульт албыг хаших явцдаа тус холбооны өмчлөлийн газар буюу хашаан доторх хэсэг газрыг “Тамирчин” нэртэй сувилалд дур мэдэн өгсөн гэдгээр ч буруутгаж байгаа аж. Өдгөө Д.Загдсүрэнгийн гэрийг АТГ-аас битүүмжлээд байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ