
Нийслэлийн хэмжээнд олон хүн төвлөрсөн үзвэр, үйлчилгээ, худалдаа, баар цэнгээний газруудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх шалгалтыг энэ сарын 25-наас ирэх сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулна. Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулах энэхүү шалгалтаар гамшгаас хамгаалах, гал түймрийн хууль тогтоомж, стандарт, нормативын шаардлагыг зөрчсөн аж ахуйн нэгж байгууллагын илэрсэн зөрчлийг арилгуулах, барилга байгууламжийн зураг төсөл, төлөвлөлт, барилгын хийц өөрчилсөн эсэхэд хяналт тавих, барилга байгууламжийн зам, гарцын төлөвлөлт, шуурхай албаны автомашин нэвтрэн орох, гарах зам болон авралтын ажиллагаа явуулах нөхцөл, обьектын аянга зайлуулагч, газардуулагчийн байдал, цахилгаан шугам сүлжээ, галын аюулгүй байдлаас хамгаалагдсан байдал зэргийг шалгах юм. Мөн гал түймрийн улсын хяналтын байцаагчийн өмнөх онуудад өгсөн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэлд заагдсан зөрчлүүд арилаагүй бол арга хэмжээ тооцох, байгууллага, аж ахуй нэгжид зөрчил арилгах тодорхой үүрэг өгөх, үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авах юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ