Эрүүл мэндийн сайд Засаг дарга нарт албан даалгавар өглөө

img

Сүүлийн жилүүдэд ус, хөрсний бохирдол, хур хогтой холбоотойгоор халдварт өвчнүүд ялангуяа гэдэсний халдварт өвчнүүд болох А вируст гепатит, цусан суулга, сальмонеллёз өвчний дэгдэлтүүд нэмэгдэж байгаа аж. Тухайлбал, 2012 онд Булган, Хэнтий, Өмнөговь, аймаг, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт А вируст гепатит, Говьсүмбэр, Дорноговь аймагт цусан суулга өвчний дэгдэлт гарсан байна. Иймд урин дулааны улирал ирж байгаатай холбогдуулан орчны бохирдлыг багасгах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн сайд Н.Удвал бүх шатны Засаг дарга нарт хандан албан даалгавар хүргүүлж байгаа аж. Уг албан даалгаварт ирэх гуравдугаар сард багтаан дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийг даалгажээ. Үүнд: -Харьяа нутаг дэвсгэрийн гудамж, талбай, гуу жалганд хуримтлагдсан хур хогийг цэвэрлэх, мал амьтны сэг, зэмийг зайлуулах арга хэмжээг зохион байгуулан сар бүрийн 1-ний өдрийг Их цэвэрлэгээний өдөр болгон хэвшүүлэх, -Хог хаягдлын цэг, нийтийн бие засах газар, цэвэрлэх байгууламж, бохирын цооногийг стандарт, эрүүл ахуйн хэм хэмжээний дагуу шинэчлэх, халдваргүйтгэх, шавьжгүйтгэх арга хэмжээг зохион байгуулах, -Унд, ахуйн хэрэглээний усны эх булаг, ус түгээрийн шугам сүлжээ, ус нөөцлөх сан, шахуургын станц, ус түгээх байранд холбогдох дүрмийн дагуу хамгаалалтын бүс тогтоож, бохирдолтоос хамгаалах арга хэмжээг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих, -Усан сан, ус түгээх байранд цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ариутгал тогтмол хийж цаашид улирал бүр хийж хэвшүүлэх, -Хүн амын унд ахуйд түгээж байгаа усны чанарт хяналт, шинжилгээ хийлгэж, усны чанарыг сайжруулах арга хэмжээ авах, -Сум, дүүрэг, хороо, баг бүрт ариун цэврийн сайн дурын идэвхтэнг ажиллуулж, тэднийг урамшуулах асуудлыг шийдвэрлэх, -Эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлсэн сум, дүүрэг, хороо, баг, айл өрхийг шалгаруулан сурталчлах, -Эрүүл аж төрөх ёс, орчныг бохирдуулахгүй байх, халдварт өвчнөөс сэргийлэх талаар цуврал сургалт, сурталчилгааны арга хэмжээг эрчимтэй зохион байгуулах зэргийг дурьдсан байна. Албан даалгаврын хэрэгжилтийг ирэх дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн дотор Эрүүл мэндийн яаманд ирүүлэх бөгөөд хэрэгжилтийг дүгнэн, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр мэдээлэх аж. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

мэдээч:
ЭМСАЙДАА ЭМНЭЛГИЙН АЖИЛТАН НАРЫН ЦАЛИНГИ БОЛОМЖИЙН ХЭМЖЭЭНД ХҮРГЭЖ ЧАДААГҮЙ БАЙЖ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАГЧ НАРЫГ УРАМЖУУЛАНА ГЭЖ ҮЛГЭР ЯРИХАА БОЛИОЧ.
2013-02-28