
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр А58 тоот тушаалаар “Үндэсний болон урамшууллын тэтгэлгийг суралцагчийн картын дансаар олгох түр журам”-ыг баталж, оюутнуудад сар бүр олгож байгаа үндэсний болон урамшууллын тэтгэлгийг эзэндээ шууд очдог болох ажлыг эхлүүлээд буй. Тодруулбал, оюутнуудад олгож буй тэтгэлгийн мөнгийг Сургалтын төрийн сангаас сургуулиуд руу, сургууль нь оюутандаа олгодог зарчмыг өөрчилсөн байна. Ингэснээр ямар нэг саадгүйгээр эзэндээ очих оюутны тэтгэлгийг сургалтын төрийн сангаас арилжааны банкууд руу шилжүүлэх аж. Харин оюутнууд өөрсдийн сонгосон нэг арилжааны банкинд тэтгэлгийн дансаа нээлгэж, тэтгэлгийн карт авснаар мөнгөө дансаараа дамжуулан шууд авах боломжтой боллоо. “Үндэсний болон урамшууллын тэтгэлгийг суралцагчийн картын дансаар олгох түр журам”-ын 3.5-д заасны дагуу тухайн оюутан үлдэж байгаа 13 хоногийн дотор өөртөө үйлчлүүлэхэд хамгийн ойр арилжааны банкийг сонгон шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлэн очиж, тэтгэлгийн данс болон картаа үнэ төлбөргүй нээлгэх юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ