
Дорноговь аймгийн хувьд өнгөрсөн жилд гарсан ололт амжилтын тэргүүлэх байрт хөдөө аж ахуйн салбар орж байна. Малын тоо толгой нь нэг сая 370 мянга 270 толгойд хүрсэн нь урьд байгаагүй үзүүлэлт болсон аж. Түүх сөхвөл аймгийн нийт мал 1932 онд нэг сая 200 мянган толгой байсан нь өнөөгийнхтэй харьцуулахад 80 жилийн тэртээх баримт юм. Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу шинээр мэндэлсэн ботго бүрт 5000 төгрөгийн урамшуулал өгдөг болсон нь тоо толгой нь хорогдоод байсан говийн улаан тэмээг 31 мянга 400 толгойд хүрэхэд нөлөөлжээ.
Ямаа өмнөх оныхоос есөн хувь буюу 51 мянгаар, хонь 11 хувь буюу 531, адуу 10 хувь буюу 95555 толгойгоор нэмэгджээ. Өнгөрсөн жил өвөлд бэлтгэж аймгийн хэмжээнд 300 тонн өвс бэлтгэснээс дөнгөж 20 тонныг хэрэглэж, 280 тонны нөөцтэйгээр хавартай золгож байна. Хүлэмжийн аж ахуй өмнөх оныхоос нэг дахин нэмэгдэж, аймагтаа газар тариалангийн жишиг агропарктай болсон, байгууллага, хувь хумүүсийн захиалгаар хямд өртөгтэй төмс, хүнсний ногоо бэлтгэж, зах зээлийн үнээс доогуур үнээр нийлүүлжээ.
Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтарч сүүлийн гурван жил ашиг шим сайтай Дэлгэрэх омгийн ямаа гаргаж авах туршилт хийсэн нь амжилттай болж, ашиг шимээрээ гайхагддаг Сүхбаатар аймгийн “Баяндэлгэр” үүлдрийн ямаанаас дутахааргүй үүлдэр угсаатай болохоор зорьж байна.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ