
Америкийн сенат Чак Хейгелийг АНУ-ын батлан хамгаалахын шинэ сайдаар батлав. Түүний нэрийг энэ албан тушаалд дэвшүүлснийг 58 сенатч дэмжиж, 41 нь эсэргүүцсэн байна. Батлан хамгаалахын сайдын албан тушаалд томилогдоход Хейгелд наад зах нь 51 санал авах шаардлагатай байсан юм.
Чак Хейгел 1946 оны аравдугаар сарын 4-нд Небраска муж улсын Норт-Платт хотод төржээ. Вьетнамын дайнд оролцож явсан юм. 1997-2009 онд төрөлх Небраска муж улсаас сенатад сонгогдон ажиллаж байжээ.
Бүгд найрамдах намынхан Хейгелийг хэтэрхий зөөлөн сайд болно хэмээн болгоомжилж байна. Тэр Пентагоны санхүүжилтийг хасахыг уриалж, АНУ, Израилийн нягт харилцааг шүүмжилдэг бөгөөд дахин дахин хориг арга хэмжээ авна гэж сүрдүүлэхийн оронд цөмийн зэвсэгтэй болохоос татгалзахыг Иранд ятгах бодолтой байгаа ажээ.
Хейгел сенатчдын олон зуун асуултад бичгээр хариулж, дараа нь завсарлагагүй 9 цаг үргэлжилсэн сенатын зэвсэгт хүчний хэрэг эрхэлсэн хорооны хэлэлцүүлэг дээр үг хэлэхэд хүрсэн байна.
Хейгел пуужингийн довтолгооноос хамгаалах салбарт АНУ, Оросын хооронд хамтран ажиллахыг зорьж байгаа ажээ. Ингэх нь хоёр орны аюулгүй байдлыг бэхжүүлнэ гэж тэр үзэж байна.
Хейгел АНУ-ын түүхэнд жагсаалын цэрэг болон түрүүч нарын бүрэлдэхүүнээс батлан хамгаалахын сайдаар томимлогдсон анхны хүн болжээ. Вьетнамын дайнд хоёр удаа шархдаж явсан шинэ сайд АНУ-ын хуурай замын цэргээс 1968 онд түрүүч цолтой халагдсан байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ