
Египетийн либерал сөрөг хүчин ирэх парламентын сонгуульд оролцохоос татгалзаж байна. Мягмар гарагт Каир хотод болсон хэвлэлийн хурал дээр зарласныг үзвэл, либерал чиглэлийн гол сөрөг хүчнийг нэгтгэдэг Улс үндсээ аврах фронт санал хураалтад оролцохгүй байхаар шийдвэрлэжээ.
Тус фронтын төлөөлөгчийн хэлснээр, шударга кампанит ажил явуулж, улмаар дөрөвдүгээр сард парламентын ил тод сонгууль явуулах зорилгоор үндэсний хэмжээний яриа хэлэлцээ хийх тухай ерөнхийлөгч Мухаммед Мурсийн саналыг сөрөг хүчин няцааж байна. “Ах дүү лалынхан” нам тус орны улс төрийн бүхий л амьдралыг монопольчилж, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг хяналтдаа оруулахаар санаархаж байна. Тиймээс бид сонгуульд оролцохгүй байхаар санал нэгтэй шийдвэрлэлээ” гэж төлөөлөгч мэдэгджээ. Үүнээс гадна, эрх баригчдын мэдэгдсэн яриа хэлэлцээний сэдэв нь “Египетийн эрх ашиг болон тус орны ирээдүйд огт нийцэхгүй” гэж тэр мэдэгдсэн байна.
Сөрөг хүчний төлөөлөгчийг үг хэлж дуусахад танхимд алга ташиж, “Лалынхны дэглэм сөнөтүгэй” хэмээн уухайлан хашигарч байжээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ