Сүлдэн овоо жуулчдын очих дуртай газар болно

img

Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг дарга Э.Жавхаатай товч ярилцав.

-Сар шинийн дараахан танай суманд нэгэн номын баяр боллоо гэсэн.

-Монгол Улсын анхны партизануудын нэг, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ц.Сүхээгийн мэндэлсний 111 жилийн ойг тохиолдуулан төрж өссөн нутаг Дорноговь аймгийн Хөвсгөл суманд амьдрал тэмцэл, хөдөлмөр бүтээлийг нь өгүүлсэн “Гал шиг ассан тавилан” номын нээлт шинийн зургааны билэгт сайн өдөр боллоо. Энэхүү үйл ажиллагаанд түүний зээ хүү Зам тээврийн сайд А.Гансүх болон Хөвсгөл сумын Улаанбаатар дахь Нутгийн зөвлөлийн дарга, ЗЦГ-ын орлогч, цагдаагийн  хурандаа Д.Ганбаатар нарын 40 гаруй зочид төлөөлөгчид ирж оролцлоо. Номын нээлтэд зориулж аймгийн Засаг  даргын дэмжлэгтэйгээр таван сумын дээд хоёр насны 200 гаруй хурдан морины уралдаан боллоо.

 -Шинэ номын ерөнхий утга агуулгыг тодруулбал...

-Номыг Хөвсгөл сумын Улаанбаатар хотод байгаа Нутгийн зөвлөл, орон нутгийн иргэд ахмадуудын дурсамж яриа, архивын эх сурвалж зэрэг олон баримт материал дээр түшиглэж бичсэн. Партизан Сүхээ гэдэг хүний амьдралын замнал, түүхэн баримт, хатуу бэрхшээл, цэргийн алба, улс эх орынхоо тусгаар тогтнолын төлөө  тэмцсэн түүх намтар, алдар гавьяаны тухай өгүүлсэн юм. Энэ номыг анх бичих санаа 2002 онд төрж, 2008 оны үед хэвлэгдсэн ч нээлтийг нь хийж амжилгүй байсаар түүний мэндэлсний 211 жилийн ойг тохиолдуулан ёсолсон нь энэ юм. Түүний зээ А.Гансүх, Нутгийн зөвлөлийн дарга Д.Ганбаатар нар айргийн хоёр насны морьдын бай шагналыг хариуцаж, бид ерөнхийд нь зохион байгуулсан. Сум орон нутагт ирсэн төрийн түшээдтэйгээ сумын ЗДТГ-ын ажилтнууд уулзаж, сум орон нутгаа хөгжүүлэх хөтөлбөрөө танилцуулан бүтээн байгуулалтын ажил, ирэх онд болох Хөвсгөл сум байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг угтаж хийх ажлынхаа талаар дэлгэрэнгүй ярилцсан нь бидний хувьд нэгэн олз омог болов. А.Гансүх сайд нааштай олон хариу хэлсэн.

-Танай нутаг төрийн зүтгэлтэн, эрдэмтэн мэргэд, оюунлаг хүмүүсээрээ алдартай байх аа?

 -Тэгэлгүй яахав. Их ноён хутагтын төрж өссөн нутаг. Дээрээс нь Хөдөлмөрийн баатар эмч, эх баригч Ч.Дүгэрээ,  Сангийн яамны сайд агсан Б.Дүгэрсүрэн, Сайд нарын зөвлөлийн орлогч дарга агсан  Ч.Сүрэн, УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдорж, академич Н.Ишжамц, академич Ч.Цэрэн, академич О.Төмөртогоо болон улс эх орондоо ажиллаж алдар  гавьяа байгуулсан тэргүүний хүмүүс олонтой нутаг даа.

 -Хөвсгөл сум энэ жилийн өвлийг хэрхэн давав?

 -Зундаа хур бороо элбэгтэй, мал тарга тэвээрэг сайн авсан болохоор хатуу өвлийг ажралгүй давлаа. Бид өвлөөс урьтаж бэлтгэлээ сайтар базаасан нь үр дүнгээ өгсөн. Малчид маань шинэ төлөө хүлээн авч, мал төллүүлэх ажилдаа ханцуй шамлан зүтгэж байна.

 -Суманд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын тухайд?

 -Төлөвлөгдсөн хэд хэдэн хөрөнгө оруулалт байгаа. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг  бодитой, цаг хугацаанд нь хийхийн тулд шахуу ажиллаж байна. Нийт 366 сая төгрөг төсөвлөгдсөнөөс сургуулийн хүүхдийн дотуур байр, ЗДТГ-ын барилгын засвар, хүүхдийн парк гээд ажлуудыг шат дараатай хийнэ.

-Эзэн Чингэс хааны Их цагаан сүлдний үеээс тахигдаж ирсэн Сүлдэн хөх овооны ойролцоо “Сүлдэн хөх овоо” цогцолбор барихаар төлөвлөсөн гэсэн. Ажил ямар шатандаа явж байна?

 -Энэ бүтээн байгуулалтыг хийх шийдвэр аймгийн ИТХ-аар гарсан болохоор бодит ажил болох нь үнэн.  Бид аймгийнхаа удирдлагуудтай хамтраад томоохон ажлыг хийхээр зорилт тавьсан. Хөх овооныхоо ойролцоо Чулуут багийн төвийг нүүлгэж төвхнүүллээ. Цогцолборын нэгээхэн хэсэг аялал жуулчлалын төв байгуулах зураг төсөв нь батлагдаж тендер зарлагдаад явж байна.  Ийм учраас Хөвсгөл сум XXI зуунд  шинээр хөгжих эхлэлээ тавьж байна.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ynjaa:
Axdaa ajiliin amjilt xvsie
2013-04-07
baT:
SAIN ZALUU BNA LEE,SAIHAN HOOLOOR DAILSAND BAYARLASAN SHVV.DARGA GEJ BIEE TOOHGUI BAIDAL CHINI SAIHAN HARAGDSAN.AJLIIN AMJILT
2013-02-27
nyamaa:
saihan zaluu baina aa iim lon saihan zaluusaar baylag bol manaih ch hugjinu duu daan ch baga yum daa
2013-02-27
baya:
sain zaluu manai nutagiin nuur tsarai bolson ireeduitei zaluu amjilt bas itgel.
2013-02-27
ganchimeg:
Huduugiin coeliin salbart ajillaj baiga zaluuchuudiig oron suutsaar hangah 1 huviin hungululttei zeeld hamruulah
2013-02-27
Jawhaadaa amjilt husie. Sanasan buhen ni setgelchilen buteh boltugai.
2013-02-27