Энэтхэг улсын Жүддод дацанд шавилан суугаа монгол лам О.Энхтүвшинтэй ярилцлаа.
-Манай уншигчдад өөрийгөө болон суралцаж буй дацангаа танилцуулна уу?
-Миний бие 2004 оноос хойш Энэтхэг улсын Дарамсала хот дахь Жүддод дацанд шавилан сууж байна. Жүддод дацанг 1478 онд Жавзүн Гунгаадондов гэдэг хүн үүсгэн байгуулсан юм. Жүддод гэдэг маань зан үйл, уламжлал гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, монгол хөөмий, морин хуур зэрэг эрдмийг эцэг, эх нь хүүхдүүддээ, багш нь шавьдаа гэх мэтээр өвлүүлэхийг хэлдэгтэй төстэй гэж ойлгож болно.
-Монголоос чамгүй олон хүн бурхны ухаанд суралцахаар Энэтхэг улсыг зорьдог. Эндэхийн оюутнууд бурхны ухаанд суралцахдаа гурван чиглэлээс сонгон суралцдаг гэсэн. Энэ талаар манай уншигчдад сонирхуулаач?
-Одоогоор Энэтхэг улсад 500 гаруй монгол хүн бурхны ухаанд суралцаж байна. Манай хийдэд л гэхэд зургаан монгол бий. Бид буддын гүн ухаан, анагаах ухаан, зан үйл гэсэн төрлүүдээс сонгон суралцдаг. Миний хувьд буддын зан үйлийн чиглэлээр ес дэхь жилээ суралцаж байна. Манай хийдийн хувьд зан үйл гочлохын зэрэгцээ гүн ухаан заадаг.
-Буддын зан үйл гэхээр тарнийн ёс, овоо тахих гэх мэт үйл санаанд орж байна л даа. Эдгээрийн утга учрын талаар бидэнд сонирхуулаач?
-Буддын ёсны зан үйл тарнийн ёстой их холбоотой. Тухайлбал, хүн өнгөрлөө гэхэд бурхан болоочийн араас ямар ном унших, хонх цохих, балин өрөх вэ гэдэг бүгд нарийн дэг жаягтай, том ухаан юм. Тарнийн ёс гэдэг хүн бүрийн амандаа уншдаг "Ум маань бадми хум дүүрий сухай" гэдэгтэй адил зүйл биш. Энэ тарнийг хэлж байх даа үгний мөн чанарыг бясалгахыг тарнийн ёс хэмээдэг. Түүнээс харанхуйд айхдаа өөрийн мэдэлгүй тарни унших, дотроо ямар нэг зүйлийг бясалган бодолгүй хэлж байвал энэ бүхэн тарни болохгүй. Тарнийн ёсны лам хүн гэдэг хоосон чанарыг бясалгаж, бодь сэтгэлийг оносон байх ёстой. Энэ нь бүх зүйл шүтэн барилдлагатай буюу өөрийн мөн чанараас бүрдээгүй гэдгийг ойлгодог хүн байна гэсэн үг юм.
-Ингэж үзвэл жирийн сүсэгтнүүд эдгээр тарнийн агуулгыг ойлголгүйгээр маань мэгзэм уншиж, эрхи, хүрд эргүүлдэг, тэгэхээр ингэж агуулгыг нь мэдэхгүй сүсэглэхээр буян хураах боломжгүй гэсэн үг үү?
-Эгэл сүсэгтнүдийн хувьд тухайн хүн уг тарнийн үндсэн санааг мэдэхгүй ч чин сэтгэлээсээ ямар нэг зүйлд сүсэглэж байгаа тул тодорхой хэмжээнд ийм байдлаар буян хураах боломжтой гэж үздэг. Гэхдээ буян хураана гэдэг зөвхөн бурхны шашинд байдаг зүйл биш. Хүн бусдад сайхан санаж, дэмжихийг буян гэдэг. Ямар ч байдлаар буян хураах боломжтой. Харин тарнийн ёсонд сурна гэдэг маш нарийн, нийтийн бус зүйл. Үүнийг суръя гэсэн бүхэн сурч чаддаггүй. Мөн болох болохгүй хүн сурвал тарийн ёсыг буруугаар ашиглах нягууртай. Энэ ёсонд бидний ид шидийн хэмээн нэрийддэг олон зүйл бий. Тиймээс энэ ёсыг хүн бүр мэдэх учиргүй хэмээн үзэж, олон хүнд тараадаггүй.
-Бурхны шашинд үйлийн үр гэдэг ойлголт их чухал. Энэ талаар сүсэгтнүүдэд тайлбарлаж өгөөч?
-Үйлийн үр гэдэг маань ерөнхий нэр л дээ. Тухайлбал, зовлон гэж юу вэ. Идэж ууж байгаа, унтаж буй ор, өвдөж байгаа гэдэсний аль нь зовлон юм бэ. Эдгээр нь зөвхөн зовлонгийн шалтгаан болохоос зовлон биш. Зовлон гэдэг маань зөвхөн мэдрэхүй. Харин гэдэс, хоол, ор энэ бүхэн гарт баригддаг, мэдрэхүйг үүсгэгч зүйлс.
-Тэгвэл бодь сэтгэл гэж юу юм бэ?
-Энгийнээр тайлбарлавал , манай аав, ээж, ах дүүс сайн сайхан байгаасай гэж бодох биш, бүгдээрээ сайхан, жаргалтай байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж, сэтгэхийг хэлж буй юм. Бодь сэтгэлийг өөртөө төрүүлэх хамгийн эхний алхам бол бүх амьтныг өөрийн ээж шигээ бодох ёстой гэдэг. Үүний дараа ээжийн ачлалыг бодож, нигүүлсэн сэтгэлийг өөрийн сэтгэлд төрүүлэх боломжтой юм.
-Буддизмыг шинжлэх ухаантай хамгийн ойр шашин гэдэг. Сүүлийн үед ургийн гажиг гэх юм уу даа, хүнээс амьтан шиг хүүхэд төрөх асуудал гарч байгаа. Үүнийг шинжлэх ухаан талйбарлаж чадахгүй, буддын шашны үйлийн үр гэх ойлголтыг хүлээн зөвшөөрч байгаа гэж байсан. Үүнийг тайлбарлаж өгөөч?
-Шинжлэх ухаан хүнээс хүн, сармагчнаас сармагчин төрнө гэж үздэг. Гэтэл хүнээс амьтан, аймшгийн чөтгөр төрөх үзэгдэл байдаг. Үүнийг шинжлэх ухаан өнөөдөр тайлбарлаж чадахгүй байна. Хүний эд эсээс хүн төрөх ёстой байтал амьтан төрөөд байгаа нь үнэхээр хачирхалтай зүйл мөн. Гэхдээ энэ хүний эд эсээс шалтгаалахгүй хүний үйлийн үрээс шалтгаалах нь бий.
-Буриадын нутагт байгаа Итгэлт хамбын шарил олны анхаарлыг ихээр татаж байна. Энд мэт асуудалд мөн л шинжлэх ухаан мухардалд орж байгаа. Үүнийг буддын шашин юу гэж тайлбарлаж байгаа вэ?
-Итгэлт хамба бол бясалгалын дээд цэгт хүрсэн хүн. Хүний ертөнцөөс завсрын ертөнц рүү хүрэхэд бяцхан зай байдаг. Энэ зайнд хүний таван мэдрэхүй бүгд хаагдсан байтаг тул сэтгэлийн мэдрэхүй маш хүчтэй болдог тул хүн хүссэн бүх зүйлээ сонсож, харж чаддаг. Итгэлт хамба маань энэ завсрын зайнд бясалгалын хүчээр маш олон жил сууж чадаж байгаа хүн. Тиймээс энэ хүний бие одоо болтол үхэхгүй, төрөхгүй байгаа юм. Ер нь хүнийг нас барснаас хойш гурав хоногийн хугацаанд харах ёстой байдаг. Амьсгал хурааснаар хүнийг үхсэнд тооцож болохгүй. Хүн амьсгалыг боож чаддаг.
-Шашны үйлд алтан хайрцаг нээнэ гэж том ёсон бий. Энэ ямар учиртайг тайлбарлаж өгөөч?
-Би алтан хайрцаг нээх талаар ойлголт багатай. Миний ойлгож байгаагаар нас барсан хүний дараагийн төрлийн хувь заяаг урьдчилан хэлж буй хэрэг юм. Алтан хайрцаг нээх ёс нь манай шарын шашных биш, улааны үйл. Энэ ёсыг авч үзвэл хүний дараа төрлийн төөргийг нөгөө төрөлдөө шилжиж амжаагүй байхад нь мэдэж байгаа юм бол үйлийн үр гэсэн ойлголт байх хэрэг байна уу. Тэр хүн үйлээ хурааж амжаагүй байхад нь түүний хувь тавиланг урьдчилан мэднэ гэдэл үйлийн үр гэдэг ойлголт үгүйсгэгдэх юм. Тиймээс энэ үйл бол ерөнхийлөн талийгаачийн дараа төрлийг хэлж буй зүйл гэж ойлгох хэрэгтэй байх.
-Тэгвэл талийгаачийн араас уншдаг тарниуд ямар учиртай юм бэ?
-Хүн нас бараад хоёр ертөнцийн завсарт дээд тал нь 49 хонодог юм. Талийгаачийн араас түүний завсрын ертөнц дэх замыг засаж, зул барих, хонх дамар дуугаргах зэргээр зан үйл үйлддэг. Мөн хүн нас барсны дараа их уйлах нь талийгаачийн явах замыг усаар хаана гэдэг ойлголт ч үүнтэй холбоотой.
-Хүн нас барсны дараа энд тэнд нь монголчууд тэмдэг тавьдаг. Энэ тэмдэг эргээд хэн нэгэнд илрэх тохиолдол элбэг. Энэ ямар учиртай юм бэ?
-Энэ бол тухайн хүнийг дараа төрөлдөө хүн болж төрөхийг л баталгаажуулж буй хэрэг юм. Хэрэв энэ төрөлдөө их буян хурааж, дараа төрөлдөө хүн болж төрөх үйлийг хийсэн бол төрөлдөө ирсэнийг нь батлах зүйл бол дээрх тэмдэглэгээ.
-Зарим хүний нэр нь хүндэдсэн байна нэрийг нь соль гэж лам нар айлддаг. Энэ ямар учиртай юм бэ?
-Тухайлбал, аяга гэдэг зүйлийн мөн чанар нь нэршилтэйгээ холбоотой болсон байдаг. Аяга гэдэг нэрлэсэн үг, аягийг бүтээгч зүйл хоёр маань өөр ойлголтууд. Гэвч ийм нэршил байгаа тул эдний мөн чанар нь хоорондоо ижил болсон байдаг. Үүнтэй адилаар алт гэдэг зүйлийг хүмүүс эдийн дээд гэж үздэг. Учир нь алтыг хэчнээн нүдэж жижиг болгосон ч энэ зүйл өөрийн мөн чанараа алддаггүй. Харин аягыг жижиг болгон хагалвал энэ зүйл мөн чанараа алдана. Хүний нэр ч мөн үүнтэй адил байдаг. Урьд төрөлдөө төдийлөн буян хурааж амжаагүй, арай гэж хүний төрлийг олж төрсөн хүнд "Алтан-Од" гээд нэр өгвөл нэр нь хүндэднэ. Тэр хүн үйлийн үрээрээ энэ нэрийг дааж чадахгүй. Эсвэл эцэг, эх нь хүүхэд тогтохгүй байх үйл хийсэн байх нь бий. Тухайлбал, өмнөх төрөлдөө гэрийн эзэд хүүхэдтэй хүнийг маш их гомдоосон, эх, хүү хоёрыг салгасан ч байдаг юм уу. Энэ тохиолдолд үйлийн үр нь энэ төрөлд нь гарч ирж нөлөөлөх нь бий.
-Хутагт хувилгаадын хойд дүр мэндэллээ гэдэг. Тухайн эрдэм чадалтай хүн өнгөрөөд өчнөөн үе өнгөрсөн байхад тухайн хүний дараа дараагийн төрлийг шүтсээр ирсэн. Энэ ямар учиртай юм бэ?
-Бидний бүрэлваа гэж ярьдаг энэ зүйл бол бурхны элч гэсэн үг. Бурхан бол өөрөө мөнх зүйл. Эдгээр бурхад бидний амьдралд ойрхон байдаг. Гэвч бид таван мэдрэхүйгээрээ мэдрэхгүй байгаа зүйлээс айдаг. Тиймээс эдгээр амьд бурхад маань хүний төрөлд шилжин бидэн дээр ирдэг юм.
-Дээр үеийн хүмүүс архийг рашаан болгоод уучихдаг байсан ч гэх юм уу, их эрдэм чадал төгс лам нар байсан гэдэг. Одоо ийм хуврагууд бий юу?
-Байгаа. Цай чанаж байхдаа очир дээр нь эргүүлж байсан энэ тэр гээд л олон зүйл сонсогддог. Хоосон чанарыг ононо гэдэг маань орон зайг мэдэрсэн учир энд байгаа зүйлийг тэнд аваачиж чаддаг болохыг хэлнэ. Ийм хүмүүсийн хувьд өнгөрсөн, одоо, ирээдүй гэж байдаггүй. Тийм учраас бурхныг мөнх гэж үзэж байгаа юм. Ийм хүмүүс өнгөрсөн, одоо, ирээдүйг бүгдийг нь хурааж, бүх үйлээ хураасан учир тийм чадалтай болж байна гэсэн үг.
С.Энхзаяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ