
БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболдоор ахлуулсан мазаалай баавгайг хамгаалах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж, ажлын явцын талаар хэлэлцжээ. “Үндэсний бахархал” ТББ-ынхан Мазаалайг ичээнээс нь гарахад тавьж өгөх нэмэлт тэжээлийг хариуцсан юм байна. Тэд одоогоор 10 тонн хорголжин тэжээл, цувдай, нохойн хоол, хүнсний ногоо зэргийг тус бүр нэг тонныг бэлтгэж дуусчээ. Нэмэлт тэжээл ачсан машин Говийн их дархан цаазат газар руу өнөөдөр гарах юм байна.
Тэжээл хүргэхтэй холбогдон Их дархан газарт нэмэлт тэжээл хадгалах сав болон тэжээл тавьж өгөх жижиг савнуудыг даруй хүргэх, нэмэлт тэжээлийг 25 цэгт түгээх тээврийн зардал хөндөгдлөө. Тиймээс хөрөнгө мөнгийг хурдан шийдэж гаргуулахаар болсон байна. “Мама” ТББ Эхийн голд Мазаалайн тэжээлийн ургамлыг тариалж, боловсруулах цех байгуулахаар болжээ. Мазаалай баавгайн иддэг гол ургамал болох бажуунь бороо орохоор хаа сайгүй цэцэглэдэг. Тиймээс тус ургамлын үр голдуу хаагуур байдаг, ямар циклтэй цэцэглэдэг зэргийг судлах шаардлагатай байгаа тул хөрсний үрийн судалгаа хийх аж. Харин Мазаалай баавгайн генетикийн судалгааг Биологийн хүрээлэнд хийж байгаа юм. Дэлхий дээр одоо байгаа байвгайн бүх зүйлүүдтэй Мазаалайг харьцуулан судалж байгаа аж. Удахгүй үр дүн нь гарахаар цаашдын хамгааллын төлөвлөгөөг нарийн боловсруулах төлөвлөжээ. Монгол энэ судалгааг бүрэн гүйцэд хийх лабораторийн боломжгүй учраас Энэтхэг рүү нэг мэргэжилтэн явуулж генетикийн судалгааг нь хийлгэж байна. Харин Мазаалай баавгайн генийн сан бүрдүүлэх судалгааны ажил яг одоо Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнгийн Генетикийн лабораторид хийгдэж байгаа юм байна.
Говийн Их дархан Цаазат газрын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нэн ховор амьтны судалгаа хийх, нэмэлт тэжээл тээвэрлэхэд ашиглах машин, судалгаанд ашиглах шөнийн дуран, телескоп зэрэг багаж, тоног төхөөрөмж, богино долгионы тоног төхөөрөмж зэргийн хөрөнгийг даруй шийдэж өгөхөөр болсон байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ