
Мексик улсад явуулсан судалгаагаар сүүлийн арван жилийн дотор ор сураггүй алга болсон 26 мянга гаруй хүн бүртгэгдсэн талаар тус улсын засгийн газраас албан ёсоор мэдээллээ. 2006 онд Фелипе Кальдерон ерөнхийлөгчөөр сонгогдсон даруйдаа хар тамхины эсрэг дайн зарласан бөгөөд түүнээс хойш хууль бус наймааны асуудал хурцдаж, тус улсын мансууруулах бодис худалдаалдаг бүлэглэлүүд олон мянган хүнийг онц хэрцгийгээр хөнөөж эхэлсэн нь нь ихээхэн шуугиан тарьсан. 2006 оноос өмнөх статистик мэдээлэлд 50 мянган хүн ор сураггүй алга болсон тухай баримт ч байгаа гэнэ.
Алга болсон иргэдийн хэдэн хувь нь зохион байгуулалттай гэмт хэргийн золиос болсон талаар албан ёсны мэдээлэл байхгүй ч тиймэрхүү замаар амь насаа алдсан байх магадлалтай гэж мэдээлж байна. Өнөөдрийн байдлаар цагдаагийн газраас дээрх 26 мянган хүний таван мянган хүнийг эрчимтэй хайж байгаа гэнэ. Түүнчлэн тэдгээр ор сураггүй бологсдын дунд гэр бүлээсээ холбоо тасарч, өөр улс руу дүрвэн гарсан хүмүүс ч байгааг үгүйсгэхгүй. Түүнчлэн иргэншлийн тал дээр асуудалтай байсан, цагаачлагч иргэд олноор өртсөн болох нь судалгаанаас нотлогджээ.
Энэ онд шинээр сонгогдсон ерөнхийлөгч Энрике Пенья Ньето алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг эрчимжүүлэхийг даалгасан ч энэ ажил төдийлөн амжилттай биш байгаа.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ