
Замын цагдаагийн газраас өнөө өглөө Нийтийн тээврийн үйлчилгээ явуулдаг байгууллага аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал болон жолооч нарын ажилд гарч байгаа байдлыг шалгасан байна. Шалгалтаар нийтийн тээврийн жолооч нар тээврийн хэрэгслийн бичиг баримтын зөрчилтэй, техникийн бүрэн бүтэн байдал хангалтгүй, гэрэлтүүлэх хэрэгсэлүүд гэмтэлтэй байсан зөрчил илэрсэн байна. Хамгийн гол нь жолоо барих эрхээ хасуулсан хирнээ үйлчилгээнд гарсан жолооч нар байжээ.
Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нийтийн тээврийн үйлчилгээнд гарах гэж байсан зөрчлүүд илэрсэн байна. Түүнчлэн ээлжийн амралтаараа автобус компани хооронд дамжин ажилладаг. Ангилал ахиулах шалгалтад орж байгаа нэрээр ангилалгүй жолоо барьдаг зэрэг ноцтой зөрчлүүд илэрчээ. Шалгалтын үед "Эрдэм транс" ХХК-ийн Daewoo bus-105 маркийн 0603 УНБ улсын дугаартай автобусны жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон үйлчилгээнд гарах гэж байсныг шалгахад 0.69 хувийн согтолттой гарсан байна. “Мон-Кара” ХХК-ийн 2331 УБП улсын дугаартай Hyundai маркийн автобусны жолооч Ц.Охиноо нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан. Мөн тухайн жолооч нь Автобус-3 компанид ажилдаг бөгөөд ээлжийн амралтаар “Мон-Кара” ХХК-нд ажиллаж байсан байна. Мөн 6374 УНЯ улсын дугаартай Hyundai маркийн автобусны жолооч Анхбаяр нь жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан бөгөөд шалгахад ВС ангилалтай тус автобусны кондуктороор ажилдаг бөгөөд ангилал ахиулах курст сууж байгаа бөгөөд баазаас эцсийн буудал хүртэл 1.5 км газар дадлага хийх зорилгоор барьдаг гэж мэдүүлжээ.
Сүүлийн үед нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нар ноцтой зам тээврийн осол гаргажбайгаад анхаарах цаг болсныг дээрхи шалгалт харуулж байна. Иймд Замын цагдаагийн газраас дээрхи байдлыг таслан зогсоох зорилгоор холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ