
Авлигатай тэмцэх газарт хандан иргэдээс ирүүлсэн “Төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд нь “суралцагчийн тэтгэлэг олгохдоо холбогдох дүрэм, журмыг зөрчиж, тэтгэлгийг хугацаандаа өгөхгүй чирэгдэл учруулж байна” гэх мэдээллийн мөрөөр тус газраас холбогдох шалгалтыг явуулсан байна. Шалгалтын хамрах хүрээг тогтохдоо нийслэлийн хэмжээнд сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын нэрсийн жагсаалтад түүвэрлэлт хийх замаар сонголтыг хийж, тухайн сургуульд суралцагчдын тоог харгалзан үзсэн байна. Шалгалтад
Батлан хамгаалахын их сургууль, Эрүүл мэнд, шинжлэх ухааны их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн /8 сургууль/, Удирдлагын академийн удирдлагын коллеж, МУИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургууль, МУИС-ийн Худалдааны дээд сургууль, Хүмүүнлэгийн их сургууль, “Отгонтэнгэр” их сургууль, “Улаанбаатар”, “Цахим” “Шихихутаг” , “Урлах эрдэм” дээд сургууль зэрэг 20 сургуулийг хамруулжээ.
Сургалтын төрийн сангаас 2012 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар төрийн болон төрийн өмчийн 98 их, дээд сургууль коллежийн 145375 суралцагчдад 99,7 тэрбум төгрөгийн үндэсний тэтгэлэг олгосон бөгөөд үүнээс шалгалтад хамрагдсан 20 их, дээд сургуульд нийт 21.936.619,700 /хорин нэгэн тэрбум есөн зуун гучин зургаан сая зургаан зуун арван ес долоон зуу/ төгрөг шилжүүлжээ.
Олгогдвол зохих дээрх дүнгээс 2012 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нийт 11 сургуульд 300.000.000 гаруй төгрөгийн үлдэгдэлтэй байгааг сургалтын албаны ажилтан, санхүүгийн ажилтнаас тодруулахад хичээлд огт суудаггүй, шилжсэн, хасагдсан, жилийн чөлөөтэй оюутнуудын тэтгэлэг гэдгээр холбон тайлбарласан байна.
Шалгалтад хамрагдсан их, дээд сургуулиуд Сургалтын төрийн сангаас санхүүжилт авснаас хойш 1-2 сарын дараа олгодог нийтлэг зөрчил илэрсэн байна.
Түүнчлэн Сургалтын төрийн сан болон сургуулиуд суралцагчийн шилжилт, хөдөлгөөний тооцоог нийлэх явцад сургуулиуд суралцагчийн талаарх мэдээллийг бүрэн өгдөггүй, шилжсэн, хасагдсан, жилийн чөлөөтэй оюутнуудыг тоог хасалгүйгээр танилцуулж санхүүжилт авдаг байна. Сургалтын төрийн сангийн тухайд суралцагчийн судалгаа, бүртгэлд тавих хяналт хангалтгүй байсан тогтоогджээ. Илэрсэн зөрчил, дутагдалд үндэслэн Авлигатай тэмцэх газраас “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах саналын төслийг боловсруулж Засгийн газарт хүргүүлэн шийдвэрлэсэн байна. Мөн “Цахим” дээд сургууль, “Урлах эрдэм” дээд сургуулийн санхүүгийн бичиг баримтыг мэргэжлийн байгууллагуудаар тусгайлан шалгуулах, төрийн болон хувийн хэвшлийн сургалтын байгууллагуудад аудит хийлгэх, дүнг олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулахаар болсон.
Төрийн болон хувийн хэвшлийн сургуулиудад үндэсний тэтгэлгийг харилцах дансаар дамжуулан олгох, суралцагчийн зөвшөөрөлгүйгээр аливаа төрлийн төлбөр /сургалтын, кредитын зөрүү г.м/-ийн суутгалд тооцохгүй байх, тэтгэлэг олголттой холбоотой мэдээллийг ил тод, нээлттэй болгох арга хэмжээг авч ажиллах, түүнд хяналт тавих асуудлыг Боловсрол шинжлэх ухааны яаманд уламжласан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ