Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажил өнөөдрөөс эхэлнэ
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 48 тоот захирамжийн дагуу Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажил өнөөдрөөс хэрэгжиж эхлэх гэж байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөх нөхцөл бололцоог бүрдүүлэн өгч төрийн үйлчилгээг иргэдэд хүргэн нэг цэгээс үзүүлэх, татвар төлөгчдийг шинэчлэн бүртгэх, татварын бааз суурийг нэмэгдүүлэх үндсэн дээр нийслэлийн замын санг бүрдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй дээрх ажил хоёр үе шаттайгаар хэрэгжиж эхэлнэ.Нэгдүгээр шат 2013 оны 3 -р сарын 01-ээс 5 -р сарын 31 хүртэл ажлын өдрүүдэд үдээс өмнө 08.00 -13.00, үдээс хойш 14.00 - 17.00 цагуудад иргэдэд үйлчлэх бол хоёрдугаар шат 6 -р сарын 10-аас 24-ныг дуустал үргэлжилнэ.
Албан татвар, төлбөрөө хуульд заасан хугацаанд төлөөгүй авто тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, гурвалжин наалт наагаагүй тээврийн хэрэгсэлд Замын цагдаагийн газраас хяналт тавьж ажиллах юм. Өнгөрсөн онд нийслэлийн замын санд хуримтлагдсан хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулах чиглэлээр нийт 244,4 тэрбум төгрөгийн ажлыг төлөвлөгөөний дагуу 100 хувь хийж гүйцэтгэсэн байна. Тухайлбал 450 сая төгрөгөөр гурван гүүр, нэг нүхэн гарцанд урсгал засвар, гэр хорооллын болон орон сууцны хорооллын доторх авто замын засварын ажилд 8314,9 төгрөгөөр 7 дүүрэгт 27,16 км авто зам буюу 41 объектын засвар, шинэчлэлтийн ажил гэх мэт ажлуудыг хийжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ