
Энэтхэгийн зүүн бүсийн томоохонд тооцогдох Калькутта хотын захад их хэмжээний гал гарч 20 хүн амиа алдсан тухай албаны эх сурвалж мэдээллээ.
Энэ зах нь хууль бус буюу албаны зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан гэж цагдаа нар хэлжээ.
Захын нэрийг “Суряа Сэн” гэдэг бөгөөд дээр үеийн муудсан хуучин байшинд үйл ажиллагаагаа явуулдаг байжээ. Тиймээс ч галын хор, аюулын гарц зэрэг шаардлагатай нөхцөлд ашиглагдах зүйлсийн аль аль нь байгаагүй аж.
Амь насаа алдсан хүмүүсийн ихэнх нь шатсан барилгад хонож байжээ.
Галын шалтгааныг хуучны муудсан цахилгааны утаснаас болсон байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа. Түүнчлэн барилгын материал нь шатамхай, гал амархан авалцдаг материалааар хийгдсэн юм байна.
Анхнаасаа энэ барилга худалдаа үйлчилгээний зориулалтаар баригдаагүй юм байна.
Баруун Бенгал хотын дарга Мамата Банэржэ шатсан зах орчмоор ирсэн бөгөөд нөхцөл байдалтай танилцаж хохирол амссан хүмүүст нөхөн олговор олгохоор болжээ. Ингэхдээ хохирлын хэмжээнээс шалтгаалан 50-200 мянган рупи өгөхөөр тооцоолсон байна. Калькутта хотод өмнө нь ч хэд хэдэн удаа иймэрхүү том хэмжээний гал гарч байсан бөгөөд 2011 онд эмнэлэгт дэлбэрэлт болж 90 хүн амь насаа алдсан гэхчлэн галын аюулгүй байдлыг хангаагүйгээс үүдэлтэй хэргүүд гарч байсан юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ