Миний “Чөтгөрийн гүнж”

img

Төрөхдөө л тэргэл саран мэт үзэсгэлэнтэй төрсөн юм даг уу, эсвэл тэргэл сартай өдөр мэн­дэлсэн юм даг уу? Ёстой чөтгөр л мэдэх Тэргэл хэмээх нэрт найрагч бүсгүй. Яралзсан шүд, тормолзсон нүд, жавхаатай бие цогцос, наа­линхай хэрнээ, шөвөг шиг аран­шинтай миний  Чөтгөрийн гүнж. Томдсон дээл шиг уужуу ч, багадсан зах шиг бачуу орчлонд найрагч болж наждаан эдлэх гэж илгээгдсэн ч юм шиг, сайхны өмнө харц буруугүйн шидийг ханатлаа эдлэх ч гэсэн юм шиг, атаа хорслын шивүүрээр зайгүй шивүүлэх одонд төрөө юү гэлтэй миний ч  атааг хөдөлгөж, хөглөдөг миний гэх дотно тодотголтой "Чөтгөрийн гүнж" Тэргэл сар. Сэтгэл дундуур  минь сэмлэн урсах уянгын шүлгүүд нь намайг бишрүүлэн гайхуулдаг, Чөтгөрийн гүнжээс л гарах тийм гэж үгээр хэлэхийн аргагүй ягаахан сарнайн үнэр, будгаар зурахын аргагүй хөлгүй хөх зэргэлээ, илээд байгаа хэрнээ алгадаад авахын лугаа ухаарлын уянга ханхлуулсан шүл­гийн мөрүүд намайг сайхан хэрнээ өргөстэй сарнай шиг эмзэглүүлэх нь миний Чөтгөрийн гүнжийн шид гэлтэй. Хулганайн Тэргэл хэмээх най­рагчтай 1995 онд анх танилцаж билээ. Найруулагч болохоор тэ­мүүлж буй бидэнд найрагч, зохиолчидтой танилцах үнэхээр сонихон. Анх танилцаж байхад ёстой л нүд хужирлаж сэтгэл сэргэмээр сайхан охин, дуугүйхэн инээмсэглэж суусан нь саяхных  ч юм шиг. Тэр үеэс хойш цаг хугацаа нисэн өнгөрч дэргэд минь байж дээлийг минь бүсэлсэн хэн хэний минь ээж  алга, дэлхий шилгээсэн мэт  ойрын хүмүүс минь тэнгэрийн орноо нисэж, үсэнд минь мөнгөн сор хөгжмийн чавхдас  мэт ярайж. Тэгэхэд харин эл найрагч бүсгүйн хувьд цаг хугацаа зогссон мэт яг л тэр янзаараа байх нь  "Чөтгөрийн гүнж"-ийн л шид юм байлгүй дээ. Олон сайхан найрагчтай танил­цаж, онгодоо хөглөж,  чих баясаж, нүд сэргэж явахдаа дуулсан шүлэг, дуусгасан ном гэвэл тэвэрт битгий хэл тэрэгт багтахааргүй олон. Түүний дотроос дахин дахин сөхөх дуртай шүлэг, номын минь нэг яах аргагүй Тэргэл хэмээх энэ бүсгүйн "Чөтгөрийн гүнж".  Галтай найрагч Б.Галсансүх "Чи битгий хуцаа" гэж  бурханд хэлж чадсан, харин Тэргэл "Чөтгөрийн гүнж"-ээрээ бахархаж чадсан. Хэн нэг нь үүнийг гарчиглаад "Ёстой л  чөтгөрийн гүнж" гэж өөрийгөө яг л хэлж дээ гээд чарлан дэвхэц. Тэгвэл би тэдэнд Галсансүхийн хэлснийг  хэлье. Хүн болгонд хүртээгээд байдаггүй рашааны дусал, бурхны хишгээс халбагаар биш шанагаар хүртсэн найрагч бүсгүйн онгод, авьяас, гоо үзэсгэлэн түүнд цогцолсон нь хувь тавилан. Он жил улиран одсон ч онгод авьяас нь гундсангүй, туулж өнгөрүүлсэн зовлон бэрхшээлийн дардас түүний амьдралд мөрөө ч үлдээж чадалгүй хийсэн одож.  Сөхрөөд уначихмаар гашуун амтат атаархлын худагт унаж тусаж хүнээ байсангүй, хун шувуу шиг нисээд явчихсан нь "Чөтгөрийн гүнж"-ийн шид юм байлгүй дээ. Сайхан зүйлс бичмээр санагдаад саар мууг орхиё цаашаа.  Чөтгөрийн гүнж минийх бас биднийх. Байз байз хүлээ уншигч авгай: Тэр  ийн шүлэглэж. ШҮҮДЭР ДААСАН ӨВСӨНД "Зун намрыг зааглан мөнгөн шүүдэр унана Зулай зулайгаа гишгэлж хүмүүн заяа мэндэлнэ Зуны урт шөнө цүү хаяж наадна Дуулим энэ орчлонд тэгээд бие биесээ олно Шүүдэр унасан өвсөнд нүд гялбан гялбана Шөнө хоносон саран хөнжил доогуур шургана Өнгө гэрлийн уянгатай эх сайхан нутагт минь Үймж шуугиж баясах бяцхан хүүхэд нэмэгдэнэ Ширэлдээ нь үгүй хөврөх Дөрвөн цагийн эргэлтэд Тасраа нь үгүй удам Нүүдэлчин монголчууд багширна" ... Үхэх төрөх  үнэний хооронд өчнөөн зай өртөөчлөн тэнэнэ. Өртөө бүр өөрийн гэсэн буудалтай. Чөтгөрийн гүнжийн эхний буудал энэ юм байлгүй дээ. ЭЭЖДЭЭ "Дэрсний нөмөр бараадсан жаахан болжмор шиг хүүгээ Дэлхийн сүүдэр дайруулахгүй гэж харуулын цэрэг шиг манасан ижий"... нь буудлаас буудалд өртөөлөх гүнжийн дээлийн хаваасыг сугалж өгсөөн. ОХИН НАС "Тоостын шороо бүгд Хацар дээр минь наалдсан ч Тортог хөө үлдээгүй Миний охин насаа" ...  гэж тунхагласан гүнж ХҮҮХЭД НАС МИНЬ БАЯРТАЙ "Тоодойж богинодсон дүрэмт хувцас минь Танхилхан бага насыг минь авч одсон Урагдаж цоорсон сурагчийн цүнх минь Улаан туузтай минь хамт алга болсон Чихэр горьдож айл хэсдэг нас минь Чимээгүйхэн надаас алга болсон"   гэж шивнэсэн. ӨРӨӨСӨН БӨӨР "Хүйтэн шөнө хөнжил болоогүй дан тэрлэг Хүнийх болоод намайг анзаараагүй чиний харц Шүлэг шиг амьдраагүй гучин нас минь Шүүдрийн ус шиг талаар нэг гэрэлтнэм Гэрэлтсэн тэр л шүүдрийн дуслуудыг Гутлынхаа өсгийгөөр яраад өнгөрөв"   ... тэр яг ингэсэн. Тэвчээр тэнгэрлэгийн дээдийг үзүүлж туучаад өнгөрсөн дараагийн буудлыг. Чөтгөрийн гүнжийн шид юм байлгүй дээ. ЗАЛУУ ЯВАХАД ЮМ БҮХЭН ӨНГӨЛӨГ "Залуу явахад юм бүхэн өнгөлөг Зам дээр хэвтэх мөчир өнгөлөг Хичнээн үнгэлээ гэвч хүүхний уруул өнгөлөг Хэрэн тэнүүчлэх дурлал бас өнгөлөг өө" .....  гэж сэвэлзсэн. ЯНАГ "Сэвхтэй саран шиг өдрүүд ар араасаа цуварч Цээжинд хоногших чамайгаа мартаж үл чадна... Янаг хайрын сэтгэл ийм л сайхан гэдгийг Яагаад өмнө нь та хэлсэнгүйв дээ бурхан минь"  ... гэж хашгирсан ... Чөтгөрийн гүнжийн шид юм байлгүй дээ буудлаас буудалд нь дагах гэхээр миний алхаа гүйцэхгүй нь Чөтгөрийн гүнж, Чөтгөрийн гүнж ЧӨТГӨРИЙН ГҮНЖ "Урд насандаа би чөтгөрийн гүнж байсан Урт хумс минь час улаан байсан Шав шаргал тэнгэрээс улаан бороо асгарахад Шанагаар хутган хутгаж  сархад шиг залгилдаг байсан Духан дээрээ би ганцхан ногоон нүдтэй ч Дутуу юмгүй тэдэндээ л сайхан харагддаг байсан Дуу минь яг л төмөр хуурайдах мэт хахирган ч Олон чөтгөрүүдийнхээ дунд би ганц дуучин нь байлаа Цав цагаахан пансан өмсгөл дундаас Ганц ногоон нүд, час улаан хумс гэрэлтэж Уйтгартай гунигтай ч бас бардамхан ааштай Урьд насандаа би чөтгөрийн гүнж байлаа...." Ай чөтгөрийн гүнж атаархаж байна би түүнд. За яахав дээ нээрээ л Залуу явахад юм бүхэн өнгөлөг дөө гэж бодов. Урьд насандаа тэр чөтгөрийн гүнж байсан юм бол хойд насандаа би чөтгөрийн гүнж болмоор байна. Час улаан, шав шаргал,  ногоон,  цав цагаанхан пансан өмсгөл .... Чөтгөрийн гүнж надад таалагдаж байна. Сайн хань, сайхан охин, хөөрхөн хүүтэй жаргаж явна даа миний муу найз. Цуутай хүүхэн хуримгүй, сайхан хүүхэн жаргадаггүй гэж худлаа, харин санаа зөв бол заяа зөв гэдэг үнэн шүү.

 АНУ. Чикаго хот    Д.УРАНЗУЛ

Эх сурвалж: Өдрийн сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

.....:
aimaar booronxii xeltei xvvxen, xaxa
2013-07-25
teneg:
uruvdmuur teneg t1 garuud hudalaa uhaalag boloh geed hemjeegee haruulah ni uruvdmuur shd
2013-06-11
teneg:
humuusee ta nariin har uhaan hachin ih hugjij hun setgel chini shirgej hataj chaavaas gej
2013-06-11
үүү:
Шүлэгнүүд нь тийм чгоё биш, энэ хүүхний бичсэн юм ч гэж бас л эмх цэгц муутай ,уншихад нэг тиймэрхүү л юм. Бичсэн бичүүлсэн хоёр бие биендээ л юм биз дээ
2013-03-01
GURBAZAR:
UMNII BAGA NI AMTTAI GSN UTGAAR BICHSEN UM BOLOV UU? ESVEL SETGEL BAIHAD UM BAGADAHGUI GJ BGA UM BLV UU?
2013-03-01
tulga:
ene busguid minii neg ah duu zohioj bj bilee
2013-03-01
Уншигч:
Нэг нэгнээ хөөргөх гэсэн тэнэг гарууд уу үгүй юу? Зуны шөнө богино байдаг болохоос зуны урт шөнө гэж хэзээ байсан юм? Малууд одоо мэдээллийн хэрэгсэлийг юу гэж боддог малууд вэ?
2013-03-01
maya:
zaluu yavahad um buhen ung lug zam deer hevtej bui zevtei hadaas ch ungulug hi hi ingeed zohiogood baij boloh um bish uu
2013-03-01