
Иран болон зуучлагч орнуудын «5+1» (НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн таван байнгын гишүүн, дээр нь Герман) бүлэг Ираны цөмийн хөтөлбөрийн талаар ойрын үед дахин хэлэлцээ хийхээр тохиролцжээ. Иранд “зургаа”-гийн орнууд шинэ санал тавьсан Алма-Атагийн уулзалтаас ингэж тохиролцсон юм.
Хэлэлцээний хоёр дахь өдөр буюу хоёрдугаар сарын 27-нд удтал хүлээсэн ийм ахиц гарсан байна.
Хэлэлцээнд оролцсон Ираны талын гол хүн болох Саид Жалили “илүү бодитой” шинэ саналд баяр хүргээд, үүнийг АНУ, Их Британи, Франц, Орос, Хятад болон Германтай хийж буй хэлэлцээний “эргэлтийн” үе гэж тодорхойлжээ.
Энэ хэлэлцээ нь энхийн зориулалттай хөтөлбөр гэдгээр халхавчилан Иран цөмийн зэвсэгтэй болох судалгаа нууцаар хийж буйтай холбогдуулан Өрнөд болгоомжилж байгаа асуудлыг зохицуулах учиртай билээ. Харин Ираны эрх баригчид энэ зэмлэлийг няцааж байдаг юм.
“Зургаа”-гийн орон Ираны эсрэг авсан хэд хэдэн хориг арга хэмжээг цуцлахыг санал болгосон бөгөөд харин Иран хариуд нь Фордо дахь газар дорхи заводад уран баяжуулах хэмжээг 20%-иар багасгах ёстой гэж Алма-Ата хотод цугларсан дипломатч нар хэлсэн байна.
Түрүүнд нь “зургаа”-гийн орнууд Фордо дахь ажлыг бүрэн зогсоохыг шаардаж байсан юм. Түргэн зуур сэргээх боломжгүйгээр ураны баяжуулалтыг 20 хувиар багасгасан нөхцөлд Фордод тодорхой хэмжээний дутуу баяжуулсан уран үйлдвэрлэхийг зөвшөөрөхөд дэлхийн тэргүүлэх орнууд бэлэн байгаа бололтой.
Саналд эцсийн тодорхой хугацаа байхгүй, гэхдээ уг саналыг хүлээн авах тийм ч их хугацаа Иранд үлдэхгүй гэж АНУ-ын төлөөлөгч хэлсэн байна.
Талууд гуравдугаар сарын 18-нд Стамбул хотод шинжээчдийн хэмжээнд уулзаж, дараа нь дөрөвдүгээр сарын 5-нд хэлэлцээнд оролцогч буй гол төлөөлөгчдийн бас нэг уулзалт хийхээр Алма-Атагийн уулзалтын төгсгөлд тохиролцжээ. Хэлэлцээг даруй сэргээх санаачлагыг Ираны тал гаргасныг учрыг мэдэх хүмүүс хэлж байна. Энэ нь Иран хориг арга хэмжээг хүчингүй болггуулахыг хүсч, “зургаа”-гийн шаардлагыг биелүүлэхэд бэлэн байгааг харуулж байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ