
Өнөөдрөөс замын компаниудын тендерийн шалгаруулалт эхэлнэ. Гэхдээ энэ мэдээллийн хажуугаар нэр бүхий замын долоон компанийн 2012 онд гүйцэтгэсэн зам хамгийн нимгэн гар утастай адилхан зузаантай болсноос эхлээд олон хэл ам дагуулсан учраас үйл ажиллагааг нь түдгэлзүүлэн энэ жилийн тендерт оролцуулахгүй байхаар шийдвэр гараад байгаа юм байна. Гэхдээ эдгээр долоон компанийн нэр одоогоор нууцлаг байгаа юм. Гэхдээ энэ жилээс эхлэн авто замын компаниудад тавигдах шаардлага нэмэгдэж байгаа учраас цаашдаа чанаргүй зам барих ажил дуусгавар болох байх гэдгийг албаныхан онцоллоо.
Манай улс 2020 он гэхэд хатуу хучилттай 11 мянга гаруй километр замыг ашиглалтад оруулна гэж тооцоолсон. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд жилд 1000 км зам шинээр тавих ёстой ч замын компаниудын чадавхи, хариуцлага сул дорой учраас ийм боломж бүрдэхгүй байна. Монгол Улсын Авто замын хөгжлийг олон улстай харьцуулвал 2012 оны байдлаар 1970-аад оны Араб улстай харьцуулахаар хоцрогдсон гэдгийг олон улсын мэргэжилтнүүд илтгэлдээ дурджээ. Хамгийн гол нь бүртгэлтэй 150 гаруй авто замын компаниас 60 орчим нь танил талаараа тендер авч идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, энэ нь эргээд хяналтгүй, чанаргүй гүйцэтгэл, мөн төлөвлөгөөндөө хүрээгүй ажлын биелэлтийн муу үр дүн авчирдаг учраас замаа сайжруулахаасаа өмнө замын компаниудын чадавхийг сайжруулах хэрэгтэй гэдгийг олон улсын судлаачид онцлон захиж байна.
Сангийн яам ч замын хөрөнгө оруулалт хийхдээ энэ тал дээр илүү анхаарч ажиллах төлөвлөгөө гаргажээ. Гэхдээ л түүхийг мартаж болохгүй. Хятадын компанид тендерээ өгчихсөн, тэр зам нь гурван сар хүрэхгүй хугацааны дараа хорхойтсон шүд шиг үйрээд уначихсан тохиолдол Дарь-Эхийн замын жишээнээс эхлээд олон бий. Татвар төлөгчдийн мөнгийг зам ч биш, там ч биш зүйлд хий дэмийн зарцуулсан чанаргүй ажлуудыг зогсооно гэж байгаа. Харин замын компаниудыг чадавхижуулж, хариуцлага тооцдог болохгүйгээр чанартай замтай, олон километрийн гүйцэтгэлтэй болох нь боломжгүй зүйл гэдгийг олон улсын байгууллагуудаас манай улсад сануулсаар байгаа юм. Үүнийг хэрэгжүүлж эхлэхээр ямартаа ч долоон компанийн нэрийг жагсаачихсан байгаа сурагтай.
Харин хариуцлагаа олны нүдэн дээр ил тооцож, дорвитой ажиллаасай гэдгийг л хүлээсэн хүмүүс олон бий байх. Тэр дундаа жилийн дараа энхэл донхол болчихдог авто замаар зорчдог жолооч нар чанартай замыг хүсч байгааг холбогдох албаныхан мартаагүй гэж найдъя.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ