Монгол Улсын шилдэг гэр бүлүүд
Амьдрал хайр дээр тогтдог гэдэг. Ялангуяа хосын тавилангаар хайртай хүнтэйгээ учирч он жилүүдийг хамтдаа туулж, бие биедээ өмөг түшиг болон дутууг нь гүйцээж дундуурыг нь нөхөж явна гэдэг хайрын эрхэм дээд оргил гэлтэй. Хайрын үрээр гэр бүл болон өрх тусгаарлаж, ээж аав бололцож, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, хожим дурсамжаар дүүрэн буурай болцгоон үр ач зээгээ тойруулан сууна гэдэг үнэхээр хүний амьдралын утга учир билээ. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас анх удаа нийгмийн анхдагч нэгж болсон гэр бүлийн үнэ цэнийг өндөрт өргөх зорилгоор он жилийн уртыг хамтдаа туулж, үр хүүхдээ сайн сайхан өсгөн хүмүүжүүлж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулж яваа есөн шилдэг гэр бүлийг алдаршуулав. Энэхүү есөн гэр бүлийг Эрдэнэт хотод зохиогдсон “Эмэгтэйчүүдийн хөгжлийн бодлого-шинэчлэл” үндэсний чуулганы үеэр алдаршуулж, хүндэтгэл үзүүлэн шагнал гардуулсан юм.
“Оюунлаг шилдэг гэр бүл”-ээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын харъяат Дамбын Цагаачийнх шалгарсан юм. Д.Цагаач нь цахилгааны инженер мэргэжилтэй, Монгол Улсын гавъяат уурхайчин. Тэрбээр үндэсний бөхийн тухай “Монгол Улсын заанууд”, “Тунгалаг буянтын хүчтэнгүүд”, “Бөхөөр овголсон гавъяатууд”, “Эрдэнэтийн арслангууд”, “Түмнээс төгөлдөр төрийн наадмын манлай аваргууд” үэрэг номыг эмхэтгэн гаргасан аж. Харин гэргий Жамсранжавын Бадамжав нь математикинй багш мэргэжилтэй, Орхон аймгийн I сургуулийн захирал, ажиллах хугацаандаа 6400 гаруй хүүхдэд хичээл зааж, 120 гаруй багшийг бэлтгэн гаргажчадварлаг багш нарын багийг бүрдүүлж ажилладаг юм байна. Энэ гэр бүл 35 жил ханилан таван хүүхэд өсгөн хүмүүжүүлсэн. Дөрвөн хүүхэд нь АНУ, Герман, Энэтхэг хотод докторантурт суралцан, эрдмийн зэрэг горилж байгаа, математикч, физизкч мэргэжилтэй ажээ. Д.Цагаачийн гэр бүл үндэсний бөхийн уламжлалыг хүүхэд залуучуудад өвлүүлэх, тэдэнд оюуны хөрөнгө оруулалт хийхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн ийнхүү алдаршуулжээ.
“Спортлог шилдэг гэр бүл”-ээр Дорноговь аймгийн Сайншанд сумын харъяат Г.Цагаандэрэмийнх шалгарсан. Тэрбээр аймгийнхаа Музей, сургалт, судалгааны төвийн дарга, түүх урлагийн чиглэлээр болон говийн Догшин ноён хутагт Данзанравжаагийн талаар судалгаа хийдэг. Үндэсний сурын харвааны спортын мастер цолтой. Гэргий Банзрагчийн Баясгалан, түүхийн багш мэргэжилтэй. “Хараацай бага нас”, “Ес зүй” сурах бичгийн зохиогч. Байт харвааны спортын мастер. Энэ гэр бүл 33 жил ханилж, таван хүүхэд, зургаан ач зээтэй. Г.Цагаандэрэмийн гэр бүл өсвөр үе, залуучуудыг үндэсний уламжлалт ёс заншил, спортоор хүмүүжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаад ийнхүү алдаршуулсан.
“Энэрэнгүй үйлст шилдэг гэр бүл”-ээр Дорнод аймгийн Матад сумын иргэн Дамдины Өглөгчийнх шалгарсан. Д.Өглөгч нь слесарь, токарчин, мужааны мэргэжилтэй, улсад 40-өөд жил ажилласан бөгөөд эхнэртэйгээ 44 жил ханилж, 13 хүүхдийн аав ээж болж яваа. Гэргий Дорнод аймгийн Хэрлэн сумын харъяат Гомбын Долгор, 64 настай бичээч мэргэжилтэй. Өөрйин төрүүлж өсгөсөн найман хүүхдээс гадна дүү Даваажавын бүтэн өнчин үлдсэн таван хүүхдийг нь өсгөж хүмүүжүүлсэн. Үр хүүхдүүд нь цөм дээд боловсрол эзэмшин нийгэмд хувь нэмрээ оруулж байгаа. Д.Өглөгчийн гэр бүлээс хүү охин ач зээ нийлээд 28 өрх шинээр бий болсон нь тэднийг ийнхүү алдаршууллаа.
“Шилдэг залуу гэр бүл”-ээр Өмнөговь аймгийн иргэн Наранцогтын Төмөрхуягийнх шалгарсан. Н.Төмөрхуяг нь Өмнөговь аймгийн “Ижий гурван сайхан” ХХК-ний ерөнхий захирал, үе дамжин хуурай замын тээвэр, ойдлын үйлдвэрлэл эрхэлсэн , онц тээвэрчин. “Говийн оргил” үйлчилгээний төвийг ашиглалтад оруулж иргэдийг ажлын байраар хангаж буй. Гэргий Будын Төмөрбат 38 настай. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор аймаг сум дүүргийн ИТХ-д бие даан нэр дэвшиж сонгогдон, Даланзадгад сумын наймдугаар багийн ИНХ-ын даргаар ажиллаж байгаа аж. Тэд амьдралд тохиолдсон бэрхшээл саадыг хамтдаа туулж, гурван хүүхдийн эцэг эх бололцон орон нутагтаа нэр хүндтэй, залуучуудад үлгэр дууриал болсон эвсэг залуу гэр бүл хэмээн алдаршуулжээ.
“Бүтээлч шилдэг гэр бүл”-ээр Ховд аймгийн Эрдэнбүрэн сумын иргэн Намсрайн Дамбынх шалгарсан. Тэрбээр 70 настай, Ховд аймгийн Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны төлөвлөгөөний комиссын мэргэжилтнээс ажлын гараагаа эхэлж, Ховд аймгийн Засаг дарга хүртэл төрийн хариуцлагатай албан тушаалыг хашиж явсан. Гэргий Л.Норолхоосүрэн нь 70 настай, Хөдөлмөр техникийн багшийн мэргэжилтэй, Монгол Улсын гавъяат багш, ЕБС-ийн сурах бичиг зохиож, гарын авлага гаргасан. 47 жил ханилж, дөрвөн хүүхдийн аав, ээж болон ач зээ нийлээд 10 хүүхэдтэй, хоёр хүүхэд нь докторын зэрэгтэй эрдэмтэд. Харин хоёр гавъяат маань чөлөөнд гараад ч зүгээр суугаагүй, хүүхэд залуусын сурган, хүмүүжүүлэхийн төлөө ажиллаж, хөдөлмөрлөсөөр яваа тул ийнхүү алдаршуулсан байна.
Нийгмийн салбарт хувь нэмрээ оруулж буй шилдэг гэр бүлээр Архангай ам йгийн Эрдэнэбулган сумын гуравдугаар багийн Засаг дарга Долгоржавын Өсөхжаргалын гэр бүл шалгарсан. Гэргий Сүхбатын Жавзанпагма, их эмч мэргэжилтэй, мэргэжлээрээ тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байгаа, эрүүл мэндийн тэргүүний ажилтан. 35 жил ханилан дөрвөн хүүхдийн аав ээж болон үр хүүхэддээ үнэнч шударга байж, ажил хөдөлмөрөө амьдралынхаа баяр баясгалан болохыг ухамсарладаг зан үйлийг төлөвшүүлсэн хэмээн тэднийг шалгаруулжээ.
“Хөдөлмөрч шилдэг гэр бүл”-ээр Баян-Өлгийн аймгийн Баяннуур сумын харъяат Анис овогтой Жубайгийнх шалгарсан. Тэрбээр барилгын мэргэжилтэй, барилгын компанидаа 70-80 хүнийг байнгын ажлын байраар хангадаг. Гэргий Жанат овогтой Майра, их эмч мэргэжилтэй, улсад 34 жил Сэтгэц, наркологийн чиглэлээр үр бүтээлтэй, тасралтгүй ажилласан. Тэд 34 жил ханилж, зургаан хүүхдийн аав, ээж болсон. Хүүхдүүд нь цөм дээд боловсрол эзэмшин, улс эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж яваа аж. Таван ач зээтэй бөгөөд орон нутагтаа нэр хүндтэй хөдөлмөрч гэр бүл хэмээн шалгаруулсан аж.
“Шинийг эрэлхийлэгч шилдэг гэр бүл”-ээр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын харъяат Б.Даваадоржийнх шалгарсан. Б.Даваадорж хөгжмийн багш мэргэжилтэй, улсад 36 жил ажиллад гавъяаныхаа амралтад гарсан ч одоо айм гийнхаа БСГ-т ажиллаж байгаа. Мөн хувийн доргой хөгжмийн студи ажиллуулдаг. Гэргий Гарамын Бат-Амгалан 53 настай, бага ангийн багш мэргэжилтэй. Тэд 33 жил ханилж, дөрвөн хүүхэд, 18 ач зээтэй. Дөрвөн хүүгээ багаас нь амьдрах ухаанд сургаж, амьдралын чадамжтай, шинийг эрэлхийлж, түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлж чаддаг үан үйлийг хэвшүүлсэн хэмээн шалгаруулсан байна.
“Олны талархалыг хүлээсэн шилдэг гэр бүл”-ээр нийслэлийн Баянгол дүүргийн иргэн Жаргалын Дорж 78 настай, 1958 онд МУИС-ийн хүн эмнэлгийн факультетыг хүний их эмч мэргэжлээр төгссөнөөс хойш, эрүүл мэндийн салбарт 57 жил ажилласан. Гэргий Долгорсүрэн Жавзанханд 74 настай, 1960 онд хүн эмнэлгийн техникумыг төгссөнөөсөө хойш эрүүл мэндийн салбарт 53 жил ажилласан. Бага эмч мэргэжилтэй, энэ хугацаанд таван хүүхэд төрүүлж өсгөсөн,ийн аав ээж бөгөөд 2010 онд 50 жилийнхээ “Алтан хурим”-ыг хийсэн байна. Ж.Доржийн гэр бүл нь хүн ардын эрүл мэндийн төлөө амьдарлаа зориулсан хөдөлмөрч байдлаараа олны талархал хүлээсэн хэмээн ийнхүү алдаршуулжээ. П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ