
АНУ-ын хакерчид Хятадын Батлан хамгаалах яамны вэб сайтыг хакердлаа хэмээн Хятадын албаны эх сурвалжууд мэдээлж байна. Өнгөрсөн жилд гэхэд нэг сар тутамд Хятадын Батлан хамгаалах яамны вэб сайт руу нийт 144 мянган удаагийн хакерийн дайралт орж иржээ. Эдгээр дайралтыг IP хаягаар нь нягталж үзэхэд 62.9 хувь нь америкаас хандсан байгааг илрүүлсэн гэж тус улсын Батлан хамгаалах яамнаас албан ёсоор мэдээллээ.
Хятадын дотоод хэргийн яамны албан төлөөлөгч Гэн Янгшэн хэлэхдээ “Манай улсын Батлан хамгаалахын яам болон Хятадын цэргийн армийн вэб сайт хийгдсэн цагаас хамгийн их кибер халдлагад өртсөөр ирсэн. Гэвч энэ нь сүүлийн жилүүдэд илүү эрчимтэй нэмэгдэж байгаа. Бид америкчууд энэ дайралтынхаа талаар бодит тайлбар өгнө гэж найдаж байна” гэж "Ройтерс" агентлагт ярьжээ. Хятадын талаас кибер дайралтуудын талаар анх удаагаа албан ёсоор, нэлээд нухацтай хандаж байгаа нь энэ. Тиймээс америкчуудын зүгээс үзүүлсэн сүүлийн кибер халдлага багагүй хохирол учруулсан байж болзошгүй хэмээн шинжээчид хэлж байгаа юм.
Дээрх хоёр улсын хоорондох кибер дайн сүүлийн үед ширүүсэх хандлагатай байгаа. Өнгөрсөн сарын эхээр хятадын хакерууд ч мөн америкийн хэдэн томоохон сайтууд руу халдсан.Тэдгээр цахим дайралт нь нэлээд хүчтэй, хэрэглэгчид рүү шууд хандсан байдалтай байсан аж. Тиймээс америкчууд хятадын хакерчдийг аюултай хакерчидтай хэмээн хар дансандаа оруулаад байгаа.
Хакерчдаар дамжин олон чухал хэрэгцээт мэдээлэл хулгайлагдаж, тэдгээр мэдээллийн ард их хэмжээний мөнгөний асуудал үүсч байдаг. Өнөөдрийн байдлаар дэлхий дахинаа алдартай 140 гаруй компани, корпорациуд кибер халдлагад өртөж мэдээллээ алдсан байна. Эдгээр халдлагын багагүй хувийг хятадууд хийж эхэлсэн нь батлагдсан юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ