
АНУ-ын сагсан бөмбөгийн алдартай тоглогч Деннис Родман болон түүний шоу үзүүлбэрийн багынхан Умард Солонгост долоо хоногийн хугацаатай айлчилж байна. Тэрээр Умардын залуу удирдагчтай сайн найзын холбоотой байдгаа олон нийтэд зарласнаасаа хойш удалгүй энэ айлчлалаа хийж байгаа юм. Родманы энэ айлчлал энхийн зорилготой гэдгийг тэрээр өөрийн “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн билээ.
Умардынхныг тойрсон элдэв сөрөг мэдээллийг няцаахаар сүүлийн үед залуу удирдагч их хичээх болсон талаар олон улсын шинжээчид хэлж байна. Алдартай сагсан бөмбөгчнийг урьж авчирсан нь ч түүний улс орныхоо талаар эерэг хандлага төрүүлэхээр хийж буй ажлын нэг нь гэж хэлж болно. Өчигдөр Пхеньянд болсон сагсан бөмбөгийн нөхөрсөг тоглолтын үеэр тэд нэлээд дотно ярилцаж, түүнчлэн тоглолтыг шимтэн үзэж байсан гэнэ. Үүнээс үзэхэд залуу удирдагч сагсан бөмбөгт дуртай болох нь анзаарагджээ. Тэдний үзсэн энэ үзүүлэх тоглолт нь америкийн “Харлем Глобтроттерс” болон Умардын “Мөрөөдлийн баг” хоёрын хооронд болсон бөгөөд тоглолт 110:110 харьцаатай өндөрлөжээ.
Ким Чен Унь эх орныхоо талаар эерэг сэтгэгдэл төрүүлэхийн тулд хийж байгаа дараачийн алхам бол улсынхаа тухай уран сайхны кино хийж байгаа явдал юм.
Өнгөрсөн сард Умард Солонгост “Google” компанийн захирал Эрик Шмит айлчилсан. Энэ нь ч мөн америктай харилцах харилцаа болоод чиг хандлагатаа өөрчлөлт оруулж байгаа нэг хэлбэр гэж хэлж байгаа юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ