Мянганы сорилтын сангаас 167 сая төгрөгний тоног төхөөрөмж өгөв

img

Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвд өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол, ажил хөдөлмөрийг дэмжих үүднээс Мянганы сорилтын сангийн МБС-ын төслөөс нийт 167,5 сая төгрөгийн сургалтын тоног төхөөрөмжийг гардуулж өгсөн юм. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ болон Мянганы сорилтын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Роберт И.Рийд, МСС-ийн хөгжлийн мэргэжилтэн П.Түвшинжаргал, МСС-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Батбаатар, Сэргээн засалтын үндэсний төвийн захирал Б.Нарантуяа нар оролцож, тууз хайчиллаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол, ажил хөдөлмөрийг дэмжиж буй энэхүү төслийн хүрээнд нэг ээлжиндээ 20 оюутан суралцах боломж бүхий компьютерийн лабораторийг хамгийн орчин үеийн өндөр үзүүлэлттэй компьютер болон тавилгыг нийлүүлж иж бүрэн тохижуулсан. Мөн бүх төрлийн оёдлын сургалт явуулахад тохиромжтой төрөл бүрийн оёдлын машин, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон оёдлын сургалтын лабораторийг байгуулж, сургуулийн багш нарт заах аргазүйн технологийн хамгийн орчин үеийн мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, тавилгыг нийлүүлсэн байна. Дээрх бодит хөрөнгө оруулалтаас гадна төслийн хүрээнд сургуулийн багш нарт, удирдах ажилтан төрөл бүрийн сургалт, чадавх бэхжүүлэх үйл ажиллагаанд хамрагджээ. Түүнчлэн төслийн 30 сая төгрөгийн санхүүжилтээр тэргүүн туршлага хөгжүүлэн дэлгэрүүлэх “Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн эрэлт хэрэгцээг хангах” тэтгэлэгт хөтөлбөрийг тус сургууль дээр амжилттай хэрэгжүүлсэн аж. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ