Дуучин Ану: Өөрийн нэрийн сүрчиг гаргана
Рок попын ертөнцөд хөл тавьсан цагаасаа хойш уйгагүй хөдөлмөрлөж, бие даасан уран бүтээлээ туурвисаар яваа дуучин бүсгүйн цөөн асуултын хариуг хүргэе.
-Сүүлийн үеийн шинэ уран бүтээл юу байна вэ?
-“MY ABC” хэмээх шинэ цомогт маань багтсан “Super Car”дуундаа клип хийлгэхээр ажиллаж байна. Дуулалт гэхээсээ илүүтэй хөгжмийн тоглолтыг түлхүү харуулсан энэ дууны маань клипийг “Grove entertainment” студийн залуус хийж байгаа. Нэлээд цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулж буй учраас гайхалтай уран бүтээл болох байх. Сүүлийн үед би дэлхийд алдартай, чадварлаг DJ нарын бүтээлийг сонсч байгаа. Энэ ч утгаараа, шинэ уран бүтээл маань өвөрмөц тоглолттой хөгжмөөр үргэлжлэх болохоор охид залууст лав таалагдах биз ээ. Мөн миний шинэ стиль, дүр төрхийг ч энэ клипээс харж болно.
-“Fashion Asia Awards-2012” наадамд өрсөлдөх гэж байгаа гэсэн. Хэдийд явах юм бэ?
-Энэ сарын сүүлээр явна. Би энэ тэмцээнд “Азийн шилдэг загварлаг эмэгтэй дуучин” номинацид өрсөлдөж байгаа. Оролцогчид стиль имиж, уран бүтээлийн хувиралт, дүр төрхөөрөө өрсөлддөг юм билээ.
-Далай ламаас адис авч, хагас цагаан хоолтон болсон гэл үү?
-Үгүй ээ, тэгж учиргүй мөргөж сөгдөөд байсан юм алга. Зүгээр л далай багшийн сургааль үгсийн цогц номыг уншиж байгаа. Амьдралын аз жаргал, үнэ цэнэ, залбирал, амжилт, алдаа оноо гээд бүхий л зүйлийг багтаасан их сайхан ном байна лээ. Хүн ер нь сайн сайхан зүйл бодож, дотроо гэгээрч, өөрийгөө таньж мэдэхийг хүсч зорьвол болохгүй гэх газаргүй. Тиймдээ ч энэ мэт алтан сургаалийг уншиж, даган мөрдсөн хүний харц, үг яриа, үйл хөдлөл хүртэл цаанаа л гэгээлэг, сайхан энергитэй болчихдог. Би үүнийг маш сайн мэдэрсэн шүү. Харин хоолны хувьд, долоо хоногт нэг удаа цагаан хоол иддэг. Эрүүл мэнд, сэтгэл санаанд ч сайн нөлөөтэй шүү дээ.
-Нэлээд олон төрлийн бизнес эрхэлж байгаа гэсэн. Тэр тухайгаа яриач?
-Ямар ч байсан, өөрийн хэмжээнд боломжийн бизнес эрхэлдэг. Гэхдээ миний байгуулсан “Хөөрхөн дэлхий” төрийн бус байгууллагыг ашгийн төлөө ажилладаг гэж андуурч болохгүй шүү. Үйл ажиллагааны чиг зорилго нь хүүхэд багачуудын төлөө учраас “Дэлхийн зөн” олон улсын байгууллагатай хамтарч ажиллан, өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл минь нэлээд амжилттай болж үр ашгаа ч өгч эхэллээ. Харин төрийн бус байгууллагын маань дэргэдэх тоглоомын төв, хүүхдийн хувцасны дэлгүүр гэх мэт газруудад тодорхой хэмжээний хүмүүс ажиллаж байгаа учраас тэдний цалин хөлс, байрны түрээс гэх мэт ашиг орлогын тал дээр анхаарахгүй бол болохгүй.
-Өөрийн нэрийн брэнд гаргана гэж байсан. Тэр юу болов?
-Одоохондоо сайтар судалгаа хийх шаардлагатай байна. Гэхдээ нэг их удахгүй байх аа. Мөн өөрийн нэрийн сүрчгийг гаргахыг хүсч мөрөөддөг. “Ану” нэртэй эмзэг, ялдамхан үнэртэй тийм л нэг сүрчиг. Найрлага, чанар, тоо ширхэгээс нь хамаараад нэлээд өндөр үнэ өртөгтэй юм билээ. Тэгэхээр би энэ сард АНУ руу явж, энэ талын мэргэжилтнүүдтэй уулзаж зөвлөгөө авахаар төлөвлөж байгаа. Чадварлаг мэргэжилтнүүдийн тусламжтайгаа сайн баг бүрдүүлж ажиллавал хүсэл минь биелэх ойрхон байна шүү дээ.
-Таныг бас продюссерийн чиглэлээр ажиллах сонирхолтой гэдэг юм билээ?
-Тийм ээ, үнэн. Ойрын хугацаанд энэ асуудалд анхаарал тавихгүй гэж бодож байсан юм. Гэтэл нэг охин намайг продюссерээр ажиллаач гэсэн санал тавьж, зөвлөгөө авахыг хүссэн. Тэгээд л рок попын урлагт нэг шинэ өнгө төрхийг бий болгож, шинэ залуу дуучин гаргаж ирэхээр болсон л доо. Нэлээд хурц дүр төрхтэй, өвөрмөц хоолойтой дуучин бий. Тун удахгүй шинэ бүтээлийг нь хүмүүст хүргэнэ. -Оны өмнө “Монголын урлагийн залуучуудын холбоо” гэж байгуулсан байх аа. Энэ холбооныхоо талаар яриач. Яг хэний төлөө ийм байгууллага байгуулах болов? -Бидний хэсэг уран бүтээлчид ярьж байгаад “Монголын урлагийн залуучуудын холбоо” байгуулсан. Манай холбоо 2011 оны 11-р сарын 11-ний өдөр буюу маш олон жилд ганц тохиох сайхан өдөр нээлтээ хийсэн. Би холбооныхоо дэд ерөнхийлөгчөөр нь ажиллаж байгаа. Манай холбоо шинэ залуу уран бүтээлчдийн нийгмийн асуудлыг мөн цаашлаад уран бүтээлийн ард хийгддэг ажлыг хариуцах болно. Би тэр залуу уран бүтээлчдийн цаана байдаг зовлон жаргалыг сайн мэдэхийн хувьд энэ холбоог санаачилсан. Яагаад гэвэл залуу уран бүтээлчид бүх зүйлийг өөрөө гардан хийдэг. Тэгэхэд зарим ажил нь орхигдддог тал бий. Бүх талаас нь залуу уран бүтээлчдэдээ тус, дэм болъё гэсэн үүднээс байгуулсан. Уран бүтээлчдийн хувьд нийгмийн даатгал, нийгмийн халамж талаасаа асар дутагдалтай байдаг. Бидний өмнөөс нийгмийн даатгал төлчих байгууллага байдаггүй. Тэгэхээр уран бүтээлчдийн нийгмийн даатгалыг төлөх боломжийг нээж өгөх зайлшгүй шаардлагатай. Тухайлбал: Залуу уран бүтээлчид банкны лизингд хамрагдах гэхээр нийгмийн даатгал төлөөгүй гэсэн шалтгаанаар хамрагдаж чаддаггүй. Олны өмнө байдаг уран бүтээлчид маань яагаад бусдаас дор ялгаварлагдаж байх ёстой гэж. Удахгүй анхдугаар чуулга уулзалт маань болно. Манай ТУЗ-ын даргаар хөгжмийн зохиолч Б.Чинбат ажиллаж байгаа. Б.Чинбат ахыгаа урьж ажиллуулдаг нь бас их ололттой. Нэг талаараа уран бүтээлчдийн маань гадаад харилцааг нээж өгөх байх гэдэг утгаараа мөн ур чадвар, хийж бүтээсэн ажлуудын хувьд бас их туршлагатай, хамгийн гол нь нээлттэй хүн гэдэг утгаар нь сонгож ажиллуулсан. - Анугийн хувьд төгс төгөлдөр эмэгтэй гэж хэн бэ?-Зарим хүмүүс төгс төгөлдөр гэж байдаггүй гэдэг. Яагаад байдаггүй гэж. Хүн өөрөө л бий болгож, бүтээж байгаа шүү дээ. Хүнээс илүү оюун ухаантай амьтан байхгүй. Монголд л төгс төгөлдөр гэж байхгүй тэр бол хийсвэр ойлголт гээд л ярьдаг. Төгс төгөлдөрт хүрсэн хүн байж болно шүү дээ. Хүн болгон төгс төгөлдрийг өөрөөр хардаг байж болно. Үнэхээр гайхалтай сайхан үлгэр дууриал болсон эмэгтэйчүүдийг би хүлээн зөвшөөрч, энэ эмэгтэй бол миний хувьд төгс төгөлдөр гэж хүлээн зөвшөөрч чаддаг. Мэдээж амьдрал өөрөө бурхан багшийн сургаальд заадаг шигээ хар цагаан ээлжилж, жаргал зовлон дэнсэлдэг учраас хүн ч гэсэн тийм байдаг. Тэр нь дараагийн ухаарал, шинж чанаруудыг нээж байгаа учраас хүнд ч гэсэн алдаа оноо байх ёстой. Аливаа хүн өөрийн сонгосон замын жаргал зовлон аль алийг нь мэдрэх ёстой гэдэг. Зовохгүй юм бол хүн жаргал гэдэг зүйл рүү тэмүүлэхгүй. Хүмүүс ухамсартай, ухамсаргүйгээр алдаа хийж байдаг. Заримдаа өөрөөс хамааралгүй хийгддэг алдаанууд ч байгаа. Тийм учраас миний хувьд бусдын гаргасан жижиг сажиг алдаанаас болж энэ хүн төгс төгөлдөр хүн биш гэх ч юм уу, тийм зүйлийг би дүгнэж хэлж чаддаггүй. Алдаа гаргаснаараа илүү ухаажсан хүмүүс ч байдаг.
Хүмүүс төгс төгөлдөр эмэгтэй гэхээр янз бүрээр л хэлэх байх л даа. Харагдах гоо сайхнаа сайхан авч явна. Дотоод гоо сайхан нь бас гэгээлэг, энэрэнгүй, уян хатан чанартай, амьдралын сайн сайхан зүйлийг бий болгосон, бусдыг хайрлах нигүүлсэх чанартай гэдгээр нь хэлж болох байх. Өөрийгөө хөгжүүлсэн боловсруулсан дотоод хүн нь сайхан эмэгтэйчүүд байна. Би ч гэсэн өөрийгөө тэр хүмүүсийн нэг гэж боддог. Би амьдралд цаг мөч болгонд суралцаж байгаа, өөрийгөө гоё сайхан байлгахын тулд зөв эерэг сайхан харилцааг бий болгож, эерэг энерги цацруулахын тулд өөрийгөө зөвөөр цэнэглэж яваа хүмүүсийн нэг. Яг өнөөдрийн түвшинд би төгс төгөлдөр эмэгтэй гэж эх хүн болсон хүнийг л хэлэх байх. Энэ бол хамгийн ойрын ойлголт. Хүн болгон ээжтэй. Ээж болгон төгс гэхээр гоё байгаа биз дээ. Хайр гэдэг зүйл жинхэнэ цэвэр ариунаараа ээж хүнээс ялгарч байдаг. Би ийм зүйл ярьж байгаадаа баяртай байна. Ээж хүний харцнаас нь, үйл хөдлөлөөс нь үр рүүгээ хараад инээж байгаа байдал нь зүгээр л хайраар гэрэлтээд байгаа нь үнэхээр төгс төгөлдөрийн шинж. Үр хүүхдийнхээ төлөө нойр хоолоо хагаслаж өөрийгөө ч орхиж чаддаг юм байна лээ. Тэр гайхалтай. Эх хүний хайр аливаа хайруудаас тэс өөр. Би бол одоохондоо төгс эмэгтэй болж чадаагүй, бэлтгэгдэж байгаа. Эх хүн болсныхоо дараа би төгс эмэгтэй гэж хэлж чадна.
-Тэгвэл хэзээ төгс төгөлдөр эмэгтэй болох гэж байна даа?
-Уг нь болох гээд их яарсан. Гэвч болсонгүй. Би хайр дурлалын хувьд романсыг олон үүсгээд явж чаддаггүй. Миний аав ээжийн өгсөн хүмүүжил бол эмэгтэй хүн өөрийгөө үнэлдэг, тодорхой хэмжээний үнэ цэнэтэй байх тусмаа ирээдүйн амьдралд нь их сайнаар нөлөөлдөг. Тэгэхээр миний охин хайрлах ёстой хүнээ олоод л хайрлах хэрэгтэй. Хайр гэдэг зүйл олон байвал утга учраа алддаг. Тийм болохоор энэ зүйлийг эрүүлээр байлгах хэрэгтэй шүү гэж байнга захьдаг байсан. Төдийгөөс өдий хүртэл надад хайр дурлалын романс бага юм билээ. Тэр ч утгаараа би тогтвортой амьдралыг хүсдэг. Гурван жил найзалсан найз залуутайгаа гэр бүл болохыг хүсч тэмүүлж их яарсан. Яарвал даарна гэж үнэн юм билээ.
Нэг л мэдэхэд миний амьдралын хувьд бас нэг өөр зүйл бий болсон юм шиг санагдсан. Амьдралын оролцоо эр эм харилцан тэгш байх ёстой. Тэгсэн нэг л мэдэхэд би бүх зүйлд шийдвэр гаргаад явж байсан. Гэхдээ би үүнд нөгөө хүнийгээ буруутгахгүй байгаа. Магадгүй би өөрөө бүх зүйлийг өөрийнхөө хүсэлд тааруулж хийгээд сурсан. Өөрийнхөөрөө шийдвэр гаргаад асар багаасаа биеэ даасан тэр чанар маань нөлөөлөөд нөгөө хүнийхээ урдуур ороод бүхнийг хийгээд байсан юм шиг байгаа юм. Дараа нь бодож байхад буруу бол хоёр талдаа байсан юм байна.
Нэг мэдсэн би жаахан ганцаардсан л даа. Бүх юмыг яагаад би ганцаараа хийгээд байгаа юм бэ. Зарим үед ч гэсэн тэр хүний оролцоо байх ёстой байтал яагаад байхгүй байна гэж бодоод хоёулаа ярилцаад бид 2 их эерэг байдлаар ойлголцсон. Хэн хэн нь арай болоогүй юм байна. Хүсдэг зүйл их өөр байгаа юм байна гэдгийг ойлгосон. Надад хамарсах зүйл байхгүй байгаа. Би өөрийгөө ямар хүн бэ гэдгийг тэрнээс хойш илүү сайн таньж мэдсэн. Өөрийнхөө хүсч байгаа зүйлийг ойлгосон.
Харин одоо миний хийх сонголт эцсийн байх ёстой. Гэхдээ би хэн байх ёстой вэ, ямар байх ёстой вэ гэдгийг илүү сайн мэдэж байгаа учир илүү зөв сонголт хийнэ гэдэгтээ итгэлтэй байгаа. Би ганц л сайн сонголт хиймээр байна. Би хэн нэгнийг гал халуунаар хайрлахад бэлэн байгаа. Миний дотор оргилсон их хайр байгаа. Яагаад гэвэл зүрх сэтгэл минь хоосон байгаа шүү дээ. Миний шарх эдгэсэн. Одоо бол дэврүүн сайхан бодол, залуу хүний эрч хүч бүх зүйл надад байна. Гагцхүү хайрлах хүнээ олчих юм бол бүгдийг нээх болно.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ