
Мали улсын умард нутагт байлдаж байгаа Чадын цэргийн албан хаагчид “Лалын Магриб дахь “Аль-Каида” бүлэглэлийн толгойлогч нарын нэг Алжирын Мохтар Бельмохтарыг устгажээ. Чадын зэвсэгт хүчний албан ёсны төлөөлөгчийн хэлснийг иш татан Ройтерс агентлаг ингэж уламжилсан байна.
Террористуудын баазыг устгах үеэр Бельмохтар бямба гарагт алагджээ. Цэргийнхний мэдээлснээр, толгойлогчийн хамт Магрибын “Аль-Каида” бүлэглэлийн бас хэдэн гишүүн алагдсан байна.
Чухамхүү Бельмохтар 2013 оны нэгдүгээр сарын дундуур Алжирын Ин-Аменас хот дахь нефть-хий боловсруулдаг заводад халдах ажлыг зохион байгуулсан юм. Тэгэхэд тус үйлдвэрийн гадаадын хэдэн арван ажилтан барьцаалагдаж, 60 хүн амь үрэгдсэн байна.
Хоёрдугаар сарын 28-нд францын тусгай зориулалтын албаныхан Мали улсын умард нутагт “Лалын Магриб дахь Аль-Каида” бүлэглэлийн өөр нэг толгойлогч Абу Зеидийг устгасныг мэдээлсэн бөгөөд түүний бүлэглэлийнхэн Африкийн баруун хойд нутагт гадаадын хүмүүсийг удаа дараа хулгайлж, амь насыг нь бүрэлгэжээ.
2013 оны нэгдүгээр сараас африкийн хэд хэдэн улс болон Францын цэрэг туарегуудын бослогыг дарахад Мали улсын армид дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд бүс нутагт идэвхижсэн лалын бүлэглэлүүд ч босогчдын талд байлдахаар бас иржээ. Мали улсын умард нутагт явуулж байгаа цэргийн ажиллагаа шувтарах шатандаа орж байна гэж Францын ерөнхийлөгч Франсуа Олланд баасан гаригт мэдэгдсэн юм.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ