
Ерөнхийлөгч Уго Чавесийн биеийн байдлын талаар бодит, нарийвчилсан мэдээлэл өгөхийг шаардаж Венесуэлийн иргэд нийслэл Каракасын төв гудамжаар жагсаал хийж байна. Энэ жагсаалыг ихэвчлэн оюутнууд болон Чавесийн дэмжигчид хийж байгаа юм.
Ерөнхийлөгч Уго Чавес хэдийгээр өнгөрсөн долоо хоногт эмчилгээгээ дуусгаж Венесуэлдээ ирсэн боловч нэг ч удаа олны өмнө гараагүй. Гэтэл түүний эрүүл мэндийн байдалтай холбоотой олон цуу яриа дэгдэж газар аваад байгаа нь иргэдийг бодит мэдээлэл хүсэн жагсаал цуглаан хийхэд хүргээд байгаа юм. Хамгийн сүүлийн байдлаар дэд ерөнхийлөгч Николас Мадуро ерөнхийлөгч одоо хэр нь химийн аргаар эмчилгээ хийлгэсэн хэвээр байгаа гэж олон нийтэд мэдээлсэн. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Чавесийн талаар нэлээд ноцтой ярианууд дэгдсэн нь түүний тархи хоёр сарын өмнөөс үхэжсэн, түүнчлэн Чавесийг нас барсныг нууцалж байна гэх зэрэг яриа дэгдсэн нь олныг үймэхэд хүргэсэн.
Бослого, жагсаалд оролцогчид жагсаалаа “Үнэний марш” хэмээн нэрлэж гудамж талбайгаар “Үнэнийг хэл” хэмээн хашгиралдаж байна. Мөн жагсагчид “Бид өөрсдийн ерөнхийлөгчийн биеийн байдлын талаар үнэнийг мэдэхийг хүсч байна. тэр хэнд ч хамаагүй нэгэн биш учраас бид үнэнийг мэдэх эрхтэй” хэмээн хэлж Венесуэлийн төв телевизээр ярьлаа. Уго Чавес 14 жилийн турш төрийн эрхийг барьсан туршлагатай удирдагч, гарамгай эх оронч. Харин сүүлийн хоёр жилийн дотор тэрээр дөрвөн ч удаа хавдрын эсрэг хагалгаанд орсон. Түүний анхны хагалгаа 2011 оны зургаадугаар сард болсон бол сүүлчийн хагалгаа нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын дундуур болсон. Хэдийгээр хагалгаа амжилттай болсон ч хагалгааны дараахь хүндрэл гарч түүний бие сайжрахгүй болж эхэлсэн юм. Амьсгалын аппратнаас үүдэлтэйгээр уушигны халдвар нь өдгөө түүний биеийн байдал муудах гол шалтгаан болоод байна. Уго Чавес өнгөрсөн оны аравдугаар сард зургаа дахь удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан. Тус улсын дээд шүүхийн тогтоолоор өнгөрсөн нэгдүгээр сарын 10-ны өдөр тэрээр ерөнхийлөгчийн тангаргаа өргөх ёстой байсан ч эрүүл мэндийн шалгаанаас үүдэн албан ёсоор хойшлуулсан. Гэсэн ч одоог хэр түүний биеийн байдал сайжрахгүй байгаатай холбоотойгоор тангараг өргөх ёслол хэзээ болох нь тодорхойгүй байгаа юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ