
Их Британи Уманд Ирландын Нэгдсэн вант улсын хатан хаан хоёрдугаар Элизабетын бие чилээрхэж эмнэлэгт хэвтсэн тухай мэдээллийг Букингемийн ордны хэвлэлийн албанаас мэдээллээ.
Хатан хааны ходоод өвсөн учраас ийнхүү эмчилгээ хийлгэхээр болсон байна. Өдгөө 86 настай хатан хаан Лондон хот дахь долдугаар Эдвард хааны нэрэмжит эмнэлэгт хэвтэж байгаа юм.
Түүнийг ням гаригийн үдээс хойш эмнэлэгт хэвтүүлсэн байна. Гэхдээ хатан хааны бие тийм ч муу биш байгаагийн дээр сэтгэл санаа нь ч мөн өөдрөг байгаа гэсэн мэдээлэл иржээ. Эмнэлэгт хэвтсэн нь гэнэтийн шийдвэр байсан учир хатан хааны төлөвлөж байсан ажлууд хойшилсон. Эдгээрийн дотор нэлээд чухалд тооцогдож байсан Ромд хийх айлчлал ч мөн цуцлагджээ.
Хатан хааны эмч хэлэхдээ “Хатан хаан үнэхээр бие сайтай хүн. Элдэв өвчин хэлэх нь бага. Харин энэ удаагийнх нь түүний өндөр настай ч холбоотой. Ахимаг настнуудад энэ мэт ходоодны хямрал ажиглагдах нь элбэг байдаг. Хатан хааны бие сүйдтэй өвдөөгүй, ердөө л урьдчилан сэргийлэх эмчилгээ гэж хэлж болно” гэв. Түүний эмчилгээ 10 хоногийн дотор дуусах гэнэ. Энэ хооронд тэрээр зөвхөн ходоодоо эмчлүүлээд зогсохгүй өвдгөндөө шарлага хийлгэж, үе мөчөө ч бас эмчлүүлэхээр болсон байна.
Харин тус улсын ерөнхий сайд Девид Кэмерон хатан хаанд түргэн тэнхрэхийг хүссэн ил захидал илгээжээ.
Түүнчлэн twitter хуудсаараа дамжуулан “Би түүнийг хурдан тэнхэрнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн жиргэжээ. Одоогоор хатан хаанд гаднаас ямар нэгэн эргэлт ирээгүй байгаа. Долдугаар Эдвард хааны нэрэмжит эмнэлгийн гадаа харуул манаа гарсан аж. Энэ нь хатан хаантны аюулгүй байдлыг хангахтай холбоотой юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ