
“Хаан Путин тонил” гэсэн лоозон гаргаж барьсны дараа Улаан талбайд зүүний хүчний гурван идэвхтнийг саатууллаа гэж “Новая газета” сонинд бичсэн байна.
Сөрөг хүчнийхэн Иверийн хаалганы дэргэдэх төмөр хаалтад өөрсдийгөө гавалсан байжээ. Тэднийг хаалганд лоозон өлгөснөөс хойш барагцаалвал 10 минутын дараа цагдаа нар идэвхтнүүдийг саатуулсан байна.
Владимир Путины ялж, гурав дахь удаагаа төрийн тэргүүн болсон Оросын ерөнхийлөгчийн ноднингийн сонгуулиас хойш нэг жил өнгөрч байгаатай холбогдуулан Путины эсрэг энэ арга хэмжээг зохион байгуулжээ.
Сонгууль хууль ёсны болсон гэдэгт эргэлзэж байгаагаа сөрөг хүчнийхэн илэрхийлж, сонгуульд Путины нэг ч бодитой өрсөлдөгч биш, харин ердөө л “системийн” шинжтэй нэр дэвшигсэд оролцсон юм гэж үздэг байна. Геннадий Зюганов, Владимир Жириновский, Сергей Миронов, Михаил Прохоров нар Путины ёс төдий өрсөлдөгч байсан юм. Нэр дэвшихийг хүссэн хамгийн радикал үзэлт сөрөг хүчний төлөөлөгч хэмээн тооцогдож байсан Григорий Явлинскийг нэрээ дэвшүүлэхэд техникийн шинжтэй алдаа гаргаснаас болоод сонгуулиас татсан билээ. Гарын үсгийн хуудсыг хувилсан хэмээн түүнийг буруутгасан юм.
2012 оны тавдугаар сард Путиныг албан тушаалдаа ороход Москвад олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа болсон юм. Путин тангараг өргөхөөс нэг өдрийн өмнө буюу тавдугаар сарын 6-нд олон арван мянган хүний жагсаалд оролцогчид Болотны талбайд цагдаа нартай мөргөлджээ. Жагсаалыг зохион байгуулагчид ДХЯ-ыг эмх замбараагүй байдал өдөөн тухирсан хэмээн үзэж, харин хүчнийхэн бүх бурууг жагсагчдад тохсон юм.
Олныг хамарсан эмх замбараагүй явдалд турхирч, цагдаагийн ажилтнуудад хүч хэрэглэхийг уриалсан талаар эрүүгийн хэрэг үүсгэжээ. “Болотны талбайн хэрэгт” хагас жилийн хугацаанд 20 гаруй хүн холбогдсон байна.
Өчигдөр Улаан талбайд саатуулагдсан хүмүүсийг суллан явуулжээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ