
Канадын Төрийн албаны комиссын ерөнхийлөгч асан, олон улсын зөвлөх хатагтай Мариа Баррадос Монгол Улсад энэ сарын 4-8-ны өдрүүдэд айлчилж байна. Тэрбээр Монгол, Канадын төрийн албаны төв байгууллагууд 2010 онд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хоёр улсын төрийн албанд мөрдөгдөж буй хууль, дүрмүүд болон төрийн албаны төв байгууллагуудын чиг үүрэгт харьцуулсан судалгааг хийх зорилгоор ирсэн байна. Мөн Монгол Улсын төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад зөвлөгөө, зөвлөмж өгөх, цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн хүрээ, тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох аж.
Энэ удаагийн айлчлал нь хоёр байгууллагын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилгоор Төрийн албаны зөвлөлийн удирдлагатай уулзаж, санал солилцох юм байна. Түүнчлэн айлчлалын хүрээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа нар болон албаны бусад хүмүүстэй уулзалт хийж, төрийн албаны шинэтгэлийн чиглэлд баримтлах байр суурийн талаар санал солилцох аж.
Тэрбээр өчигдөр Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академиуд хамтран “Төрийн албаны шинэтгэлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт уулзалт, чөлөөт хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.
Харин өнөөдөр Засгийн газрын 11 дүгээр байрны Төрийн албаны зөвлөлийн 302 тоотод “Хэвлэл мэдээлэлтэй харилцах төрийн албадын байр суурь, үйл ажиллагаа” сэдвээр мэдээлэл хийж, сэтгүүлчидтэй ярилцлаа.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ