НҮБ-ын Хүн амын сангаас Завхан аймагт ажиллав

img

Гэр бүлийн хүрээнд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх явдал Завхан аймагт нилээдгүй гардаг аж. Тухайлбал, өнгөрсөн 2012 онд 354 гэмт хэрэг бүртгэгдсэний 105 нь гэр орон сууцанд үйлдэгджээ. Мөн нийт гарсан гэмт хэргийн 149-ийг буюу 42 хувийг бусдын бие махбодид гэмтэл учруулах гэмт хэрэг эзэлж байна. Иймээс Завхан аймгийн Цагдаагийн газраас гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд эмэгтэйчүүдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах зорилгоор хэд хэдэн томоохон ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна. Тэдгээр ажлуудын  нэг болгон НҮБ-ын Хүн амын сангийн Улс орныг дэмжих тав дахь хөтөлбөрийн хүрээнд жендерт суурилсан гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг Цагдаагийн газрын дэргэд шинээр нээж ажиллуулах талаахи саналаа холбогдох газруудад хүргүүлжээ. Энэ хүсэлтийн дагуу жендерт суурилсан гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг ажиллуулах нөхцөл боломжийг газар дээр нь үзэж судлан, үнэлэлт дүгнэлт өгөхөөр НҮБ-ын хүн амын сангийн ажилтнууд Завхан аймгийн Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцлаа. Ажлын хэсэгт Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын яамны ахлах мэргэжилтэн А.Нэмэхбаатар, Хүүхэд хамгаалал хөтөлбөрийн зохицуулагч П.Золзаяа, Хүчирхийллийн үндэсний төвийн тэргүүн Б.Оюун, НҮБ-ын Хүн амын сангийн Жендерийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн  нар ажилласан байна. Тэд “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг тус Цагдаагийн газрын дэргэд байгуулах саналыг дэмжиж энэ чиглэлээр орон нутгийн захиргааны байгууллагууд болон  аймгийн Эрүүл мэндийн газар, Халамж үйлчилгээний хэлтэс, Хүүхэд, гэр бүл хөгжлийн төв зэрэг байгууллагуудтай хамтран ажиллахыг зөвлөв. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ