
Францын Санофи Эспуар сан, Санте Сюд ТББ-ын зүгээс эрүүл мэндийн тусламж үзүүлэх, эмнэлгийн байгууллагуудын тоног төхөөрөмжийг сайжруулах, эмч нарын чадавхийг бэхжүүлэх зорилгоор «Архангай аймагт эсэн мэнд амаржихуй» гурван жилийн хугацаатай төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсонтой холбогдуулан гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр ЭМЯ-наа боллоо.
Гэрээг үйлдэх ёслолын ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Санте Сюд ТББ-ын захирал Николь Хансэн, Францын Санофи Эспуар Сангийн захирал Кати Форжэ, Монакогийн Хант улсын өргөмжит консул Т.Болормаа болон холбогдох албаны хүмүүс оролцов.
Энэхүү төслийн хүрээнд Архангай аймгийн Эрүүл мэндийн газарт 475 мянган евро буюу 900 орчим сая төгрөгийн тусламж, санхүүжилт олгох аж. Тодруулбал, төсөл хэрэгжүүлэх гурван жилийн хугацаанд анхдагч шатлал болох сумын эрүүл мэндийн төвөөс хоёрдогч шатлал болох аймгийн нэгдсэн эмнэлэг хүртэлх тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал сайжирсан байна хэмээн тооцсон гэнэ. Түүнчлэн эх, хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор эмнэлгийн байгууллагуудын тоног төхөөрөмжийг сайжруулна. Энэхүү үр дүнд хүрэхийн тулд нийт 150 эмнэлгийн мэргэжилтнийг сургалтад хамруулж, 17 эмнэлгийг харилцаа холбооны дэвшилтэт технологи ашиглан сүлжээгээр холбох аж.
Ингэхдээ Архангай аймгийн Эрүүл мэндийн газраас боловсруулсан 2010-2015 оны эрүүл мэндийн стратеги төлөвлөгөөний дагуу сувилагч, эмч, эх баригч, дунд мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлж, аймгийн эрүүл мэндийн салбарын нийт оролцогсдын хооронд сүлжээ тогтоон, эх хүүхдийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгийн байгууллага бүрийн зохион байгуулалтыг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна хэмээн тус аймгийн ЭМГ-ын дарга Р.Гандиймаа мэдэгдлээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ