Нэгдүгээр эгнээгээр зорчсон жолоочийн эрхийг нь хасна
Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Энхболдоос дараахь тодруулгыг авлаа.
-Нэгдүгээр эгнээгээр зорчих тээврийн хэрэгслийн эрхийг хасч байгаа. Одоогоор хэдэн жолоочийн эрхийг хасаад байгаа вэ?
-Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг Нийтийн тээврийн автобус явуулахаар болсон. Уг арга хэмжээ маань хэрэгжээд багагүй хугацаа өнгөрсөн. Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар ч хэдийнэ мэддэг болсон. Одоо нэгдүгээр эгнээгээр явсан тээврийн хэрэгслийн жолоочид торгуулийн арга хэмжээ аваад эхэлсэн. Хэрэв тухайн жолооч өмнө нь хэд хэдэн удаа нэгдүгээр эгнээгээр явж зөрчил гаргасан, цагдаа харахаараа хоёрдугаар эгнээ рүү орчихоод цагдаа өнгөрөхөөр нэгдүгээр эгнээнд шилжээд явдаг жолооч нар цөөнгүй байдаг. Эдгээр хүмүүсийн жолоодох эрхийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.5-д зааснаар зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар хасч байгаа. Сая хэлсэн зөрчил гаргасан жолоочийн эрхийг хасаад эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 23 жолоочийн эрх хасаад байна. Энэ арга хэмжээг цаашид үргэлжлүүлнэ. Ингэж байж л энэ асуудал цэгцрэх юм шиг байна.
-Нэгдүгээр эгнээнээр зорчиж болохгүй гэсэн журмын үйлчлэх хүрээг уншигчдад маань тодруулж өгөөч?
-Энэ журам Сонгинохайрхан дүүргийн нутаг Таван шарын гэрлэн дохиотой уулзвараас Баянзүрх дүүргийн нутаг Офицеруудын ордны аюулгүйн тойрог хүртэл. Энхтайваны өргөн чөлөөний замуудад үйлчилнэ.
-Нэгдүгээр эгнээгээр зорчиж болохгүй хэсгүүдэд зорчиж яваад осол гарсан тохиолдол бий юү?
-Одоогийн байдлаар дээрх журмыг зөрчиж байгаад зам тээврийн осол гаргасан тохиолдол манайд бүртгэгдээгүй.
-Авто тээврийн улсын дугаарын давхардлыг арилгах ажил эхэлсэн гэсэн. Энэ талаар тодруулаач?
-Улсын дугаарын давхардал сүүлийн үед нэлээн ихэслээ. Энэ тал дээр Замын цагдаагийн газраас арга хэмжээ авч, давхардсан дугаартай автомашинуудыг илрүүлэх ажил хийгдэж байна. Энэ зөрчил үүсэх, ихсэх болсон шалтгаан нөхцөл нь улсын дугаарын хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцох болсонтой холбоотой. Бид замын хөдөлгөөний удирдлагын төвийн камерын системээр автомашинуудын улсын дугааруудыг шүүгээд давхардсан бүх дугаарыг Авто тээврийн газар руу илгээж байгаа. Харин Автотээврийн газраас манайх руу ямар автомашин ямар дугаар эзэмшиж байгаа мэдээллийг ирүүлж байна. Зөрчлийг арилгахаар энэ мэт уялдаатай ажиллаж байна.
-Хичнээн давхардсан дугаар илрүүлээд байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар 40 гаруй давхардсан дугаарыг илрүүлж арга хэмжээ тооцлоо. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийн алба хаагч нартай хамтран камерт бүртгэгдсэн 16 цифрийн улсын дугаарыг 32 тээврийн хэрэгсэл зүүж явааг илрүүлсэн.
-Гэмт хэргийн сэдэлтээр давхар дугаар зүүж байсан тохиолдол илэрсэн үү?
-Гэмт хэргийн сэдэлтэйгээр давхар дугаар зүүсэн тохиолдол илрээгүй.
-Давхар дугаартай иргэдэд ямар арга хэмжээ авах вэ?
-Давхардсан дугаарыг хэрэглэж яваа жолооч нар өөрсдөө Замын цагдаагийн газар ирж давхардсан дугаарынхаа талаар мэдээлэл өгвөл тухайн иргэнд хариуцлага тооцохгүй. Харин санаатайгаар хуурамч дугаар зүүж явсан бол Захиргааны хариуцлагын тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах арга хэмжээ авна.
Л.Буддорж
СЭТГЭГДЭЛ БИЧИХ