
Франо Селак гэдэг эр элдэв аймшигт ослын үеэр гарцаагүй үхлээс долоон удаа мултарч, хайр дурлалд байнга азтай байж, нэг удаа хонжворт сугалаагаар овоохон мөнгө хожжээ. Франо удирдаач бөгөөд олон жил сургуулийн найрал дууг удирдаж байжээ. Гэвч Хорватын хөгжимчин огт өөр урлаг буюу хувь заяагаа удирдах чадвараар дэлхийд нэрд гарсан юм.
Түүнийг дэлхийн хамгийн азтай хүн гэж зүй ёсоор үздэг. Завинд төрж, үхлээс долоон удаа мултарч чаджээ. Нэг удаа бүр 60-аад онд Франогийн сууж явсан галт тэрэг гүүрэн дээр зам төмрөөсөө гарч, мөсөн голд унасан байна. Олон арван хүн амь үрэгдсэн ч, тэр эрэгт өөрөө гарчээ.
Зургаан удаа гэрлэсэн Франо Селак хүүхний тэнгэртэй нэгэн байж. Энэ нь түүнд дараачийн сорилт буюу нисэхийн ослоос амьд гарахад тусалсан байна.
“Би онгоцны үйлчлэгчтэй сээтэгнэхээр шийдсэн юм. Тэгээд түүний араас нисэх онгоцны сүүл рүү орж, сэндвич, ямар нэг уух юм өгөхийг хүссэн юм. Бид нисч байлаа. Цаг агаар ч сайхан байсан юм. Гэтэл гэнэт нисэх онгоц ямар нэг юм мөргөх шиг болоод, унасан юм” гэж Франо Селак ярьжээ.
Нисэх онгоц суулт хийхээр явж байхдаа уулын оройг шүргэжээ. Мөргөснөөс болж сүүлийн хэсгийн хаалга нээгдсэн байна. Хамгаалалтын бүсээ бүслээгүй явж байсан үйлчлэгч болон зорчигч хоёр нисэх онгоцноос унажээ. Газар хүртэл 600 метр үлдээд байсан бөгөөд Франо бухал өвсөн дээр унаж, харин түүний шинэ танил бүсгүй хувцсаараа модны мөчирт өлгөгджээ.
“Түүний амьд байгааг би мэдэж, түүнтэй уулзаж учирдаг болсон бөгөөд тэр нэлээд удаан хугацаагаар миний дурлалт бүсгүй байсан ч, дараа нь бидний зам салсан юм” гэж Франо Селак ярьжээ.
Бас дөрвөн жилийн дараа тэр голд унасан автобусанд сууж явжээ. Азтай эр дахиад л амьд үлдсэн байна. Жаахан шалбарсан цорын ганц тохиолдол 90-ээд оны дундуур болжээ. Франо өөрийнхөө машинаар уулын тахиралдсан замаар явж байхад, өөдөөс нь том гэгчийн бүхээгтэй машин ирж байж. Эргэлт дээр энэ машин түүний жижиг тэргийг чиргүүлээрээ шүргэсэн байна.
Би машиныхаа салхины шилээр шидэгдэж, машин ангал руу унасан юм. Би хамгаалалтын бүсээ бүслээгүй байсан. Энэ нь намайг аварсан байх” гэж Франо Селак ярьжээ. Франогийн ингэж гайхалтайгаар амьд гарч байсан энэ бүх явдлыг Хорватад хүн бүхэн мэддэг ажээ. Гэвч 2002 онд энэ хүнд тохиолдсон нэг явдал түүнийг үнэхээрийн аз нь шовойсон хүн гэдэгт итгэхээс өөр аргагүй байдалд хүргэсэн байна. Тэтгэвэрт гараад Франо Селак их өрөнд өржээ. Өөрийн хувьд хамгийн хэцүү өдөр тэр сугалаа худалдан авч, 1 сая ам. доллар хожсон байна. Түүний тухай сонинууд их бичиж байж. Энэ азтай эр рекламын баатар ч болсон байна. Харин олсон мөнгөнөөс одоо саяхан дурсамж төдий л үлджээ.
“Энэ бол ердөө л цаас гэдгийг та мэдэж байгаа шүү дээ. Би зүгээр л ийш тийш явж, хүмүүст тарааж өгсөн. Гэвч би амьдралдаа сэтгэл хангалуун байж, их ч аяласан даа. Мөнгөө банкинд хийгээч гэж надад бүгд л хэлдэг байсан. Гэвч би удахгүй үхнэ хэмээн айдаг байсан, тэгвэл тэр мөнгө надад юуны хэрэг болох билээ”гэж Франо Селак ярьжээ.
Франо хожсон мөнгөнийхээ нэг хэсгээр өөрийн гудамжинд жижигхэн дуган бариулж, эндхийн сүмийг засварлахад тусалж, хөгжимчин найзууддаа хөгжмийн зэмсэг авч өгсөн байна.
Харин нөгөөх мөнгө дуусахад, олон хүн өвгөн Франог ерөөс мартаж орхижээ. 83 настай тэтгэврийн өвөө өнөөдөр дахиад л өрөнд баригдсан ч, сэтгэлээ санаагаар унахгүй яваа гэнэ. Дахиад аз дайрах ч юм бил үү, хэн мэдлээ!
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ