
Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа энэ сарын 15-наас Ази-Европын сан (АСЕФ)-д Монгол Улсын Захирагчаар томилогдож байгаа аж. Энэ талаар мэдэгдсэн Гадаад харилцааны сайд Л.Болдын захидлыг АСЕФ-ын Гүйцэтгэх захирал Жан Янь-д Элчин сайд Б.Дэлгэрмаа энэ сарын 5-нд биечлэн гардуулжээ. АСЕФ-ын Гүйцэтгэх захирал Жан Янь Элчин сайд Монгол Улс АСЕФ-д Захирагчаа томилж буйд баяртай байгаагаа илэрхийлээд Элчин сайд Б.Дэлгэрмааг Монгол Улсын анхны Захирагч болж буй гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.
АСЕФ буюу Ази-Европын сан нь хоёр тивийн ард түмний найрамдал, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх зорилготойгоор 1997 онд Сингапурт байгуулагдсан бөгөөд АСЕМ-ын байнгын үйл ажиллагаатай ганц институци аж. Энэхүү Сан нь оюуны солилцоо, иргэд хоорондын солилцоо, соёлын солилцоо, олон нийттэй харилцах гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм байна. Бүх гишүүн орны төлөөллөөс бүрдэх Захирлуудын зөвлөл нь Ази-Европын сангийн ажиллагааны стратеги, зарчим, тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, сангийн жилийн төсөв, хэрэгжүүлэх төслүүдийг хэлэлцэж баталдаг ажээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ