
Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдаан өнгөрсөн долоо хоног болж эрүүгийн гурван хэргийг хянан хэлэлцлээ. Хуралдаанаас Ц.Сугаррагчаад холбогдох хэрэгт Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн бичсэн дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Ц.Сугаррагчааг 2012 оны нэгдүгээр сарын 29-ний орой 21 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Purble” пабд, үл ялих зүйлээр шалтаглан шилэн аяга шидэж, тус пабын тогооч Э-гийн толгойд онож, хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэж үзэж, анхан болон хяналтын шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгээд байжээ.
Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч уг хэргийг хянаж үзээд хэргийн нотлох баримт, хохирогч болон гэрчүүд, хэрэгтний мэдүүлэг зэргээс үзэхэд Ц.Сугаррагчаа нь үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, түүний үйлдэл гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна. Харин тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан нь тогтоогдсон боловч үүнийг Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцоогүй байна. Иймд Ц.Сугаррагчаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж дүгнэлт бичсэнийг Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдаанаас хүлээн авч, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгажээ.
Мөн хуралдаанаар Д.Пүрэвхүүд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Ерөнхий шүүгчийн дүгнэлтийг хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр болсон байна.
Түүнчлэн хуралдаанаар Ц.Чинбат, Б.Батцэнгэл, Д.Ганцэцэг нарт холбогдох эрүүгийн хэргийг Улсын Ерөнхий прокурорын гаргасан эсэргүүцлийн дагуу хянан хэлэлцээд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хяналтын шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээжээ.
Б.Батцэнгэл нь 2006 оны долдугаар сард О-оос Арабын Эмират улсаас оруулж ирсэн “Ланд круйзер прадо” маркийн 47 сая төгрөгийн үнэ бүхий автомашиныг нь 42 мянган ам.долларт бодож худалдан авч, тамхи болгон зарж мөнгийг нь өгнө гэж хуурч мэхлэн итгэл эвдэх аргаар залилсан гэмт хэргийг үйлдсэн аж. Б.Батцэнгэлд анхан, хяналтын шатны шүүхээс 6 жил 6 сарын ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Харин Ц.Чинбат, Д.Ганцэцэг нарт холбогдох хэргийг шүүх иргэний эрх зүйн харилцаа гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ