Дайн хүссэн Умард ба Латин Америкийн эмгэнэл
Өнгөрсөн долоо хоног үйл явдал арвинтай болж өнгөрлөө. Дэлхий нийтийн анхаарлыг татсан хийгээд, багагүй цочирдуулсан мэдээллүүд олон байлаа. Өнгөрсөн мягмар гаригт Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес таалал төгссөн нь өнгөрөгч долоо хоногт болсон томоохон үйл явдал байсан юм. Түүний оршуулах ёслол баасан гаригт болсон бөгөөд олон орны тэргүүнүүд болон сая сая венесуэлчууд түүнийг сүүлчийн замд нь үдсэн юм. Харин одоо венесуэлчууд дараагийн ерөнхийлөгчөө нэрлэхээр дахин сонгууль хийх гэж байна.
Харин дараагийн анхаарал татсан мэдээ бол яахын аргагүй Хойд Солонгосын мэдэгдэл байлаа. Хоёр Солонгосын хооронд байгуулсан энхийн гэрээг дуусгавар болгож байгаагаа мэдэгдсэн билээ. Ингэснээр ариун дайн хийхэд бэлэн гэдгийг Умардын удирдагч Ким Чен Ун мэдэгсэн. Одоо олон улсын анхаарлын төв цэг нь хоёр Солонгос, тэр дундаа Умард Солонгос болоод байна. Эдгээр болон бусад мэдээллийн багцыг эхээс уншина уу.
Хойд Солонгосын мэдэгдэл байдлыг хурцатгав
БНАСАУ умард, өмнөдийн хооронд үйлчилж байсан үл довтлох тухай бүх хэлэлцээрээс дангаар татгалзаж, хоёр орны хоорондох шууд телефон холбооны шугамыг тасласан тухайгаа өнгөрсөн баасан мэдэгдэв. Улс орноо энх тайвнаар нэгтгэх асуудал эрхэлсэн хорооны зохих мэдэгдлийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг уламжилж байна. Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох талаар Өмнөдтэй хамтран гаргасан мэдэгдэл “аль эрт хүчингүй болсон” гэж Умард Солонгос үзэж байгаа. Түүнчлэн хоёр талын цэрэггүй бүсэд байдаг Пханмунжоны хэлэлцээний байран дахь хоёр солонгос улсын цэргийн төлөөлөгчдийн хооронд яаралтай холбоо барих цорын ганц шугамыг тасалсан тухай Пхеньяны эрх баригчид мэдэгдсэн юм.
Хоёрдугаар сарын 12-нд хийсэн цөмийн туршилтын хариуд БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл чангатгасны дараахан бүх хэлэлцээрээс ийнхүү дангаар татгалзсан тухай мэдэгдсэн юм. Пхеньяны эрх баригчдын эсрэг шинэ хориг арга хэмжээ авсан дөрөв дэх тогтоол нь БНАСАУ-ын дансыг битүүмжлэх, Умардын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг хөгжүүлэхэд чиглэж байх сэжиг төрвөл их хэмжээний бэлэн мөнгө авч яваа эсэхийг шалгах зорилгоор агаарын болон тэнгисийн хөлгүүд болон дипломатчдад үзлэг хийх боломж олгож байгаа юм.
Уго Чавес таалал төгслөө
Боливарын Бүгд Найрамдах Венесуэл Улсын төрийн тэргүүн өнгөрсөн мягмар гаригт таалал төгссөн юм. Удтал хүндээр өвчилж байгаад 58 настайдаа таалал төгссөн ерөнхийлөгч Уго Чавестай салах ёс гүйцэтгэх төрийн ёслол баасан гаригт Венесуэлийн цэргийн академийн байранд болов. Энэ ёслолд оролцуулахаар 55 орон дээд зиндааны төлөөлөгчдөө Венесуэлд ирүүлснээс нь 32 нь төрийн тэргүүн нар байжээ.
Төрийн дуулал эгшиглүүлснээр салах ёслол эхэлсэн байна. Дараа нь тус улсын дэд ерөнхийлөгч үндэсний эрх чөлөөний тэмцлийн баатар Симон Боливарын алтан сэлмийн хуулбарыг Уго Чавесын шарил дээр тавьж, ёслолын дараа ерөнхийлөгчийн гэр бүлийнхэнд гардуулжээ. Ёслолын төгсгөлд Венесуэлийн дэд ерөнхийлөгч Николас Мадуро үг хэлж, Боливарын хувьсгалын удирдагчийн гэрээслэлийг биелүүлэхээр тангарагласан байна.
Сая сая хүн хувьсгалын удирдагчтай салах ёс гүйцэтгэхийг хүсч байгааг дэд ерөнхийлөгч дурдсан байна. Үүний дараа ерөнхийлөгчийн шарилыг Уулын хуаранд хүргэх гэнэ. Уго Чавесын цогцсыг чандарлана гэж түрүүнд нь дэд ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдсэн юм.
Түүнчлэн нэгэнт Уго Чавес насан эцэслэсэн учир Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуулийн товыг зарласан байна. Тус улсын ерөнхийлөгч агсан Уго Чавесыг таалал төгссөнөөс дөрөв хоногийн дараа Сонгуулийн хорооны дарга нь өнгөрсөн бямба гаригт хэвлэлийн хурал зарлаж, ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх дөрөвдүгээр сарын 14-нд явуулахаар болсныг мэдэгджээ. Венесуэлийн Социалист Засгийн газрын шүүмжлэгчид дэд ерөнхийлөгч Николас Мадурог түр хугацаанд үүрэг гүйцэтгэгчээр тангараг өргүүлснийг Үндсэн хууль зөрчсэн гэж үзэж байгаа гэнэ. Хэдийгээр зарим хүмүүс дээрх хугацаанд ерөнхийлөгчийн сонгуулийг явуулж амжихгүй гэж үзэж байгаа ч Сонгуулийн хорооны дарга нь ерөнхийлөгчийн сонгууль явуулахад шаардлагатай санал тоологч машин бэлэн болсон гэж мэдэгджээ.
Уго Чавес залгамжлагчаараа нэрлэсэн Николас Мадуро Чавесын социалист намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бол сөрөг хүчний эвслээс Энрике Каприлес нэрээ дэвшүүлж магадгүй юм байна.
Башар аль-Ассад огцрохгүй гэдгээ мэдэгдлээ
Сирийн ерөнхийлөгч Башар Асад сөрөг хүчний шаардаж байгаагаар огцрохгүй гэдгээ мэдэгджээ. Тэр Британийн “Сандэй таймс” сонинд өгсөн ярилцлагадаа энэ байр сууриа илэрхийлсэн байна. Намайг засгийн эрх барихаас татгалзсан ч улс оронд болж бйагаа мөргөлдөөнийг зогсоож чадахгүй гэж Ассад дурджээ. Өмнөх удирдагчдыг засгийн эрхнээс зайлуулсан нь дотоодын байдал тогтворжиход хүргээгүй Ливи, Йемен, Египетийн байдлыг тэр жишээ болгон дурдсан байна.
Засгийн эрхээс татгалзаж, гэр бүлийнхнийхээ хамт гадаадад гарах бодолтой байна уу гэсэн “Таймс” сонины сурвалжлагчийн асуултад Сирийн ерөнхийлөгч үгүй гэж хариулжээ. “Нэг ч эх оронч өөрийн орны гадна аж төрөхийг бодохгүй. Би эх оронч ямар ч сири хүнтэй яг адилхан” гэж Ассад ярилцлагадаа хэлсэн байна. Сирийн мөргөлдөөний үндэс болж буй гол асуудал нь засгийн эрхэнд түүний үлдэх эсэхэд оршиж байна гэсэн санааг тэр утгагүй зүйл гэж тодорхойлжээ. “Хэрвээ энэ нь үнэн бол, намайг засгийн эрхээс татгалзвал, байлдааны ажиллагааг зогсох юм байна л даа. Энэ бол утгагүй яриа, Ливи, Йемен, Египетэд болсон хэрэг явдал бидний хувьд үүний нотолгоо болж байна” гэж Асад хэлжээ.
Ассадтай ярилцсан “Таймс” сонины сурвалжлагч Хала Жаберын хэлснээр, ерөнхийлөгч хамгаалалтгүйгээр өөрийн жолоодсон машинаар ярилцлага өгөхөөр иржээ. Ассад өглөө бүр машинаа өөрөө барьж, ажилдаа очдог гэж Сирийн аюулаас хамгаалах байгууллагын ажилтнууд сэтгүүлчдэд хэлсэн байна.
Тэргүүн хамбын тодруулах товыг гаргав
Дараагийн Ромын тэргүүн хамбад хэнийг дэвшүүлэх асуудлыг Ватиканд 115 хамба цуглан зөвлөлдөж байгаа билээ. Тэгвэл энэ сарын 12-нд Католик шашны ээлжит тэргүүнийг сонгох хамба лам нарын хаалттай хэлэлцүүлэг зохион байгуулагдах тухай Ватиканы албаны эх сурвалжууд мэдээлсэн байна. Өнгөрөгч сард Ромын пап XVI Бенедикт суудлаа шилжүүлэхээр болсон нь дэлхийн олон сая католикчуудыг гайхашруулсан хэрэг болсон юм. Өдгөө 85 настай Бенедикт өөрийн эрүүл мэндийн байдлаас болж дээрх шийдвэрийг гаргасан хэмээн мэдэгдээд байгаа. Тэргүүн хамба нар Ромын католик шашны тэргүүнийг аль болох хурдан хугацаанд буюу Улаан өндөгний баяраас өмнө /03.31/ сонгохоор яаравчилж, өнгөрөгч долоо хоногоос Ватиканд хуралдаж байгаа юм. Ромын тэргүүн хамба асан XVI Бенедиктийг эрх мэдлээсээ татгалзах шийдвэрээ зарласны дараа шашны дараагийн тэргүүнээр Гана улсын дээд хамба Питер Терксон түүний орыг залгамжлахаар тодрох хамгийн өндөр магадлалтай хэмээн эх сурвалжууд мэдээлж байсан юм.
Хятадын Ардын төлөөлөгчид хуралдаж байна
Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурал буюу Хятадын парламентын хуралдаан Бээжин хотноо эхэллээ. Энэ хурлаас гарах хамгийн гол шийдвэр бол БНХАУ-ын шинэ буюу тавдугаар үеийн удирдагчдыг батламжлах явдал юм. Үүгээрээ уг их хурал дэлхий нийтийн анхаарлыг татсан онцлог хурал болж байна. Ирэх арван жилд өмнөд хөршийг жолоодох удирдагчдыг өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард БНХАУ-д болсон ХКН-ын 18 дугаар их хурал, тус их хурлаас байгуулсан Бүгд хурлаар батламжилсан юм. Тэднийг Бээжин хотод нээгдээд буй Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулганаар эцэслэн баталж ажилд нь оруулна.
БНХАУ-ын даргаар өмнө нь тус улсын дэд дарга байсан ноён Ши Жинпинг томилох нь нэгэнт тодорхой болсон. Тэрбээр 1949 оны аравдугаар сарын 1-нд БНХАУ-ыг байгуулснаас хойших Мао Зедун, Дэн Сяопин, Зян Зэминь, Ху Жинтаон арын дөрвөн үеийн удирдагчийг залгамжлан тав дахь үеийн удирдагчаар тодорч байгаа юм. Энэ хурлаар бусад олон сайд нар болоод тамгын газрын дарга нарыг томилно.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ