
Сирид мөргөлдөөн шатлан өргөжих одоогийн хурдац хэвээр байвал дүрвэгсдийн тоо оны сүүлч гэхэд гурав дахин нэмэгдэнэ гэж НҮБ таамаглаж байна. НҮБ-ын дүрвэгсдийн хэрэг эрхэлсэн дээд комиссар Антониу Гуттериш ням гаригт Туркт хэвлэлийн хурал дээр ингэж мэдэгдэв.
“Өнгөрсөн долоо хоногт хөрш орнуудад толгой хоргодож буй сиричүүдийн тоо нэг саяас давсан юм” гэж тэр хэлээд, “Сирийн дотоодод 4 сая орчим хүнд тусламж шаардлагатай байна” гэж тодруулан тайлбарлажээ.
“Мөргөлдөөн нийт бүс нутагт өргөжин тэлэх эрсдэл бий. Ливанд улс төрийн байдал хүнд байгаагаас гадна, Иракт сүннит болон шиит шашинтнуудын хооронд мөргөлдөөн болж байгаа. Палестин Сирид маш ойрхон байдаг. Тиймээс олон улсын хамтын нийрэмлэг үүнийг ойлгож, арга хэмжээ авбал зохино” гэж комиссар дурдсан байна.
Туркт Сирийн дүрвэгсдийн тоо 186 мянга болж, 17 хуаранд аж төрж байна. Бидний тооцоогоор, тэдний тоо 400 мянгад хүрч болох юм гэж гэж Гуттериш тэмдэглэжээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ