
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнгөрсөн амралтын өдрүүдэд Дархан, Эрдэнэт хотуудад ажиллаж, орон нутгийн багш, суралцагчидтай уулзлаа. Энэ үеэр салбарынхандаа Боловсролын салбарт хийх чанарын шинэчлэлийн бодлогоо танилцуулж, тэдэнтэй санал бодлоо хуваалцжээ. Хоёр өдрийн турш нийт 1000 гаруй багштай уулзаж багшийн хөгжил, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга зүйн талаар нээлттэй хэлэлцсэн байна.
БШУ-ны сайд энэ үеэр “Хүүхэд чанартай боловсрол эзэмшиж, чанартай боловсон хүчин, зөв Монгол хүн болж төлөвших нь багш та бүхнээс их хамаарна. Одоо багш нарт нэг жилийн хугацаанд зааж буй хичээлээ хүүхэд нэг бүрт хэрхэн ойлгуулах, яаж сургахаа өөрөө мэддэг эрхийг нь өгч байна.
Тавдугаар ангийн хүүхэд тооны хичээлдээ нэг, хоёрдугаар улиралд ямар дүн авсан бэ гэдгээсээ илүү тавдугаар ангиа төгсч байгаа хүүхэд ямар тоог яаж боддог болсон байх ёстой вэ түүнийгээ л хангасан байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл багш бүр хичээлээ долоо хоногт хэдэн цагаар, яаж заах нь тэдний эрх. Эцсийн үр дүн л чухал.
Хамгийн гол нь багш хүн Би бол багш! гэхээсээ илүү өөрийгөө хүүхдийг сурахад нь тусалдаг туслагч гэж ойлгох хэрэгтэй” хэмээн онцолж байсан юм. Багш нар ч боловсролын чанарын шинэчлэлийн бодлоготой санал нэг байгаагаа энэ үеэр илэрхийллээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ