
АНУ-ын сангийн яам үй олноор хөнөөх зэвсэг хийх хөтөлбөрийг дэмжсэн Умард Солонгосын гадаад худалдааны банкны эсрэг дахин хориг арга хэмжээ авав. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Том Донилон даваа гарагт ингэж мэдэгдэв гэж Ройтерс агентлаг мэдээлжээ.
“АНУ Умард Солонгосыг цөмийн зэвсэгтэй болохыг хэзээ ч зөвшөөрөхгүй.
АНУ-ын өртөж болох цөмийн цэнэгт хошуу бүхий пуужинг Пхеньяны эрх баригчид хийж байгаа цагт бид зүгээр хараад суухгүй” гэж Донилон мэдэгдсэн байна.
Тэднийг хүлээсэн олон улсын үүргээ биелүүлэх талаар чухал арга хэмжээ авсны дараа засаг захиргаа БНАСАУ-тай хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж тэр онцлон тэмдэглэжээ.
Умард Солонгостой санхүүгийн талаар харилцахдаа, хөрш орнуудад тус орны учруулж буй аюулыг харгалзан үзэхийг АНУ-ын эрх баригчид Хятадаас бас шаардсан байна. БНХАУ нь олон улсын улс төр, эдийн засгийн ганцаардмал байдалд ороод байгаа БНАСАУ-ын худалдааны гол түнш юм.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Умард Солонгосын банкнуудын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах тухай шийдвэрийг гуравдугаар сарын 7-нд гаргасан юм. “Хар дансанд” орсон цөмийн хөтөлбөрт холбогдолтой хүмүүс болон компаниудын тоог НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолоор нэмэгдүүлж, түүнчилэн БНАСАУ-ын санхүүгийн гүйлгээг хаахыг зөвшөөрсөн юм.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ