М.Баатар: Могой жилийн засал оройтоогүй. Ханш нээхээс өмнө хийлгэх хэрэгтэй

img

Хөвсгөлийн Дамдин зайрангийн удам, олны дунд их зайран хэмээн нэрлэгддэг Магваны Баатартай их дүйцэн өдрийн хурал номын газар таарч элдвийг хөөрөлдөв. Усан могой жилийн заслаа хийлгэж амжаагүй хүмүүст зарим талаар сонирхолтой байх болов уу хэмээн тэр чигээр нь буулгалаа.

-Усан могой жилийн хаврын эхэн сар шувтарч байна. Жилийн заслаа хийлгэх, жилийн ноён нуруугаа үзүүлэх гээд амжаагүй хүмүүс байна. Одоо оройтсон уу?

-Оройтох юм байхгүй ээ. Ажил төрлийн зав чөлөө гарахгүйгээс амжих, амжихгүй юм зөндөө л байдаг шүү дээ. Хамгийн гол нь сэтгэл байвал зам мөрөө үзүүлж, заслаа хийлгэхэд могой жил маань дөнгөж эхэлж байна. Заавал шинийн 15-нд багтах ёстой биш шүү дээ. Амжаагүй хүний засал номыг хийж болно. Өөрөө л бие, хэл, сэтгэл гурваараа шүтэж биширч чадах юм бол тэр хүн одоо ч заслаа хийлгэхэд оройтогүй. Намайг хоёр сар хүлээж байгаад өнөөдөр уулзсан хүн ч байна. Над дээр ирэх учиртай хүмүүсийн олонхи нь ирж амжаагүй байна. Хөдөөнөөс утсаар ярьчихсан, төдөнд очиж болох уу гээд. Харин ханш нээхээс өмнө заслаа хийлгээд авах хэрэгтэй.

-Та бол Монголын олон аймаг, сумын ард олонд танигдсан хүн. Гэхдээ зарим уншигчдад өөрийнхөө тухай танилцуулаач. Удам судар, зон олондоо ямар тус хүргэж ирсэн гээд...

-Би Хөвсгөл аймгийн Дамдин зайрангийн удам, тав дахь үеийн зайран. Байгалиас заяасан мэдлэг чадалтай, лус савдаг, хүний байдал, ноён нуруу ямар байна, галын бузартай байна уу, лусын бузартай байна уу гэдгийг хэлж, засч янзалж өгдөг хүн. Удам дагасан гэхээр байгалийн гаралтай хүн л дээ. Багш гээд байх хүн байхгүй. Багш гэвэл миний ах байсан. Одоо байхгүй бурхан болсон. Мэнгэ төөрөг, сүр сүлд нь зайлчихсан, хараал хүрсэн, өвчин зовлонд нэрвэгдсэн хүнийг сайхан янзалж өгөөд л явуулдаг. Манайх удмаараа их сайхан ш дээ. Ямар ч гарзгүй. Насандаа хүрээд л явдаг. Хамгийн сүүлийн хөгшин 93-тай байж л байна.

-Та Дамдин зайрантай ямар талаараа холбоотой билээ.

-Миний аавын эгчийн хүүхэд.

-Танаас гадна Дамдин зайрангийн эрдэм чадлыг өвлөсөн ямар хүмүүс байна вэ?

-Байхгүй, ер нь хамаатан садан гээд зөндөө юм гарч ирдэг. Яг удам судрыг нь хөөгөөд ярихаар биш болоод явчихдаг юм. Шарын зайран гэж бас байна шүү дээ. Манай ах чинь дээр үед шарын зайран гэдэг нэртэй байсан юм. Шарын талын шашинтнууд бөөтэй их холбоотой шүү дээ. Яагаад гэвэл буруу уншсан уншлагыг нь зөвд нь оруулдаг.

-Хүн байгаль лус савдагтай холбоотой гэдэг нь улам бүр харагдсаар байна. Иймээс шүтэж биширдэг уул усаа аргадаж тахидаг болжээ. Энд юу чухал байдаг юм, юуг эрхэмлэх ёстой байдаг  юм бэ?

-Уул ус, лус савдагтаа л эзэн болох, бие сэтгэлээрээ сайхан залбирч, идээний дээж сүү цагаагаа өргөдөг. Лус савдгаа аргадаж, төрсөн нутаг усандаа очиж байхад л болдог юм даа. Лус савдаг гэдэг чинь хадаг уяад байхдаа гол нь биш л дээ. Төрсөн нутгийнхаа булаг шандыг хүртэл аргадаж бөөлүүлэх хэрэгтэй. Байгаль орчноо бодсон ч хадаг уяж болохгүй. Ухаандаа хотод гэхэд галаа тахиулж, дөрвөн уултайгаа холбоод өгчихөөр тэр айл сайхан явна шүү дээ.

-Та яг хэдэн жил хүн зоны тусын тулд уул ус аргадаж байна вэ?

-Тавиад жил болчихлоо шүү

-Энэ хугацаанд танд талархсан, биширсэн шүтсэн хүн цөөнгүй байдаг уу?

-Өө олон бий бий.

-Тодорхой жишээ хэлээч.

-Улсын арслан Эрхэмбаяр байна. Таныг шүтэж бишрээд сайхан боллоо, та үнэхээр чадалтай байна. Би санасандаа хүрлээ, таныг шүтээд 20 жил явж байна гэдэг юм. Одоо бол миний шавь, багш шавийн барилдлагатай. Энэ мэтээр бөхчүүд олон бий.

-Ядарсан зүдэрсэн хүнийг эрүүл саруул сайхан болгосон жишээ юу байна вэ?

-Бүр юу ч үгүй болчихсон, ах нь элэгний хорт хавдартай болчихсон гээд ядарсан зүдэрсэн хүн Сүхбаатар аймагт ч байсан, Хэнтийд ч, Увсад ч байсан. Би янзалж аргалж өгөөд хүүхдүүд нь гадаадад сургуульд яваад өөрсдөө сайхан байгаа 73 настай хүн байна. 63 настай үхэх гэж байсан хүн намайг ир гээд би очиж гэрт нь гурав хоног бариа засал хийж өгсний дараа зүгээр болчихсон  “одоо би 80 хүрнэ” гээд Дорноговьд явж байна. Завханд гэхэд намайг шүтэж биширдэг хоёр гурван хүн бий. Дандаа өндөр настнууд, сайхан л явцгааж байна. Тэр хүн өөрөө шүтэж чадаж байна, хүнийг хүндэлж чадаж байна. Сахиус, ном судрыг дээдэлж чадаж байна. Тийм хүмүүс л сайн явдаг юм шүү дээ. Өнөөдөр нь засал хийлгэчихээд маргааш нь муу хэлээд байвал өөдлөхгүй. Ер нь тэгж байгаад өөдлөөгүй айл ч байна.

-Таны тахиж шүтэж явдаг сахиус, уншлага ном яг юу байна вэ?

-Би бол бөө талдаа. Гэхдээ одоо хар тал руугаа болчихлоо доо. Бөө олон гарчихлаа. Хэнгэргийг хүн тоохоо байчихлаа. Анхны бөөд би их дуртай байлаа. Хэнтийн Дашцэрэн баавай гээд өвгөн байлаа. Жигтэйхэн сайхан бөөлөөд их л сайхан хоршдог байсан. Сүүлийн үед бөө их гарчихсан болохоор би хэнгэргийг жилд нэг барьдаг боллоо. Яагаад гэвэл улаан сахиусаар айхтар юм хийдэг хүн дээ.

-Тэр нь ямар учиртай, ямар давуу талтай юм бэ?

-Давуу тал нь хүний зовлон бэрхшээл, ажил үйлс нь бүтэхгүй байх зэрэг хүндэрсэн зовлонгоос хурдан гаргаж чаддаг. Тэр юмыг яг өөрөөр нь хийлгүүлж чадах юм бол тэр хүн их сайн явна. Сайн ч яваагаас нь нэр цохвол Мөнх гэж айл Завханд байна. 1994 онд би анх удаа Алтан хайрханыг Дорнодоос олон машинтай очиж тахиж байлаа. Алтан овоонд ямар ч хүн байхгүй, шувуу ниссэн тийм л газар байсан. Одоо бол жигтэйхэн сайхан болжээ. Энэ хүний хүчинд би ийм байгаа гээд одоо Сүхбаатар аймагт айхтар том хүн болчихсон явж л байна. Улаан сайдын хамаатан Эрдэнэцогт гэж байна. Хэнтийд гэхэд олон айл байна даа. Намайг байн байн ирээд аваад явдаг. Хар Ухна гэдэг мундаг уяач байна. Нэг айлыг засаад өгөхөөр айл саахалтынх нь ирээд таны засал хийсэн айл их сайн яваад байх юм, би лам хуврагаар их явдаг ч өөдлөхгүй юм гээд хүрээд ирдэг. Би засч янзлаад өгөхөөр мөн л хүүхдүүд нь гадагшаа дотогшоо сургуульд яваад, өөрсдийнх нь ч бие хаа сайжирч өөдлөөд явж байгаа айл бас байна шүү. Намайг зөндөө л хүмүүс ирээд авч явдаг юм. УИХ-ын гишүүд ч олон бий,  Ардчилсан намын гишүүд бол зонхилно шүү дээ.

-Та арай илэн далангүй шударга ярьж байгаа юм биш үү?

-Шударга, бодитой ярьж байхгүй юу. Яг өөрийнхөө хийж явсан юмыг ярьж байна. Увс аймагт лус тахилаа гэхэд л Увс аймгаас гарсан УИХ-ын гишүүд ч юм уу, сайд ч юм уу заавал надаас ирж юм асуудаг. За та ийм юм чинь болохгүй болчихсон байна, тэгэх хэрэгтэй гээд хэлээд өгөхөөр нөгөө хүн чинь дараа нь хэлсэн минь үнэн болж таарахаар хамт явъя, нутагтаа аваачиж уул овоогоо тахиулъя гэдэг.

-Бурханы шашин, бөөгийн ёс хоёр зөрчилдөх үү?

-21 дарь эх гэхэд л хүнийг зовлонгоос хурдан гаргаж, жаргалд түргэн хүргэдэг айхтар бурхад шүү дээ. Бөөд орохгүй бурхан гэж байдаггүй юм. Шарын зайран л гэнэ, улааны зайран л гэнэ. Ямар ч зайран байгаад Гандангийн тэр дээрээс харж байгаа том бурханаас зайлсхийдэггүй.

-Тэгэхээр Таныг бөө гэж үзэх үү, лам гэж үзэх үү?

-Бөө л гэж үзнэ л дээ. Зайран, намайг хүн болгон их зайран гэдэг ш дээ. Бас их буруу ярьдаг хүмүүс манай монголчууд дунд олон бий. Хөгийн ш дээ, өөрийнх нь мэнгэний бурханыг сахиус болгоод зүүгээд өгөхөөр үүдэнд сууж байсан хүн наадахь чинь чөтгөр гэж хэлээд хүний толгойг эргүүлээд. Нөгөө хүнийх нь өвчтэй эцэг эхийнх нь нэг өөд болсон. Шүүхийн байгууллагад ажилладаг нэг дүү хүү, манайхнаас нэг бөө гар гээд байх юм, яах вэ гэхээр нь танайхаас бөө гарах юм бол ээж, аавын чинь нэг нь үхэх юм байнаа гэсэн. Тэгсэн чинь бөө болоод аав нь удалгүй нас бараад одоо  учраа олохоо байсан. Бөө ч биш, юу ч биш.

-Сүүлийн үед бөө олноор төрөх болж. Энэ юутай холбоотой вэ?

-Хүний оюун ухаан, төр засаг, эдийн засгийн байдал ямар байна. Түүгээр л далимдуулаад бөө төрчихөөд байгаа юм. Яг юмаа мэдэхгүй бөө болсон хүмүүс зөндөө байна.

-Та Хөвсгөлийн бөө хүн мөртлөө шарын шашинг дээдлээд байгаа чинь сонин санагдлаа.

-Сонин биш л дээ. Би чинь шараа дагаад л бөө болж эхэлсэн хүн байхгүй юу. Манай анхны Дамдин зайран улаан сахиусыг барьж бөөлдөг хүн байлаа. Лустайгаа харилцаж бөөлдөг. Бурхан багш 21 Дарь эхээ магтаж бөөлдөг. Цагаан, ногоон Дарь эх буулгадаг. Шарын шашнаас бөө төрсөн гэж байгаа. Бөөгөөс шарын шашин төрсөн гэж байгаа. Тэгэхээр хоёр биедээ харшихгүй л зүйл шүү дээ.

-Ягтаа тулчихсан хүмүүс Танд их ханддаг байх. Гэхдээ урьдчилаад зам мөрийг нь хэлж сэрэмжлүүлэх боломж байх уу?

-Байлгүй яах вэ. Тэр хүн өөрөө л шүтлэг бишрэлтэй байх хэрэгтэй. Бишрэхгүй ч гэлээ хамаатан садан нь ирээд тэр хүнд юм хийлгэдэг. Манай энэ хүн гэртээ тогтохоо байчихлаа гэх мэтчилэн. Ингэж та засал хийлгэ. Нар, сарандаа сайхан  дээж өргөж, сайхан залбирч бай, тэгэх юм бол танайх зүгээр болно доо гээд явуулахад л долоо хоногийн дараа хүүхэд нь архинаас гарчихсан байх жишээтэй.  Хүүхэд нь могой жилтэй, одоо ажилд орчихсон, аятайхан айлын хашаанд очоод буучихсан. Тэр хүн л өөрөө итгэж биширсэн байхгүй юу. Хүүхэд нь алга болчихсон айл зөндөө лам нарт очоод үхсэн гэж сонссон байгаа юм. Худлаа мэргэлээд зүүн хойшоо 10 километрт самна гэж хэлсэн лам ч байгаа юм. Тэрийг нь би үзэж өгөөд хүүхэд нь цагаан сарын өмнө гэртээ хүрээд ирсэн шүү дээ. Эх эцэг нь Завханаас утасдаад л ирчихлээ гэж байсан. Одоогоос дөрөв таван жилийн өмнө Эрдэнэтэд 16 настай хүүхэд алга болоод эх эцэг нь мөн л ламаар үзүүлээд л бөөн эрэл сурал болж, гурван сар хэртэй явсан байгаа юм. Төмөр замд нэг айл надад итгэж ядаад л та ямар учиртай юм бэ, шарын шашинтай юм уу, тэгсэн хэрнээ бөө гээд байх юм гээд байсан. Юу ч гэсэн юмаа хийлгэчих гээд гэрт нь очоод байж байтал гэнэт онгод орж ирээд л за та энийг өргө, өргөөд л орж ирэхэд чинь утас чинь дуугарна гэж хэлсэн. Нээрээ л тэр хүн өргөөд л орж ирэхэд охин нь утасдаад би амьд гарч ирлээ гээд ярьсан. Хятадуудад баригдсан байсан юм билээ. Тэр айл энд байна шүү дээ. Дамбадаржаад аав нь жолооч,  өөрөө эмч. Тийм муухайгаар толгойг нь эргүүлж болохгүй. Аль болохоор зөв хэлж байх хэрэгтэй.

-Энэ цаг үед янз бүрийн л саад бэрхшээл гарч ирэх болж. Танд хандахад хэдий  хэр хугацаа шаардагдах вэ. Юу шаардлагатай байдаг юм бэ, тодорхой тариф гэж байна уу?

-Бөөгийн шашин гэдэг чинь айхтар цаг бариад байдаггүй, огцом хийнэ. Та энийг өргө гээд гурван будаа, нэг жаахан өрөмтэй өгөөд явуулахад л тэр хүний ажил бүтчих жишээтэй. Тэр хүн юугаар хийчихэв гээд гайхаад байсан хэрнээ бүтчихээр нь боддог байхгүй юу. Энэ хүн нээрээ сайн юм хийлээ, үнэн хэлж гээд эргэж ирдэг тохиолдол цөөнгүй.

-Бас эргээд таагүй харилцах тохиолдол гарах уу?

-Надад бол ерөөсөө гарч байгаагүй. Хөндлөнгөөс янз бүрээр яриад байдаг хүмүүс бий. Нэг хүн засал хийлгээд гарахад гадаа нэг авгай наад хүн чинь мэдэхгүй, ингээд архи уугаад л явж байдаг юм гээд дэмий хэлж байх жишээтэй. Миний архи уухыг хараа ч үгүй байж тэгж худлаа ярьдаг хүн байдаг юм. Их хурлын  гишүүд сонгууль боллоо, болохоо байлаа гээд намайг дуудаад л аваад явдаг. Би юмыг нь хийж өгөөд одоо чигээрээ гарнаа л гэдэг. Симба хэнсэн билээ дээ, тэгээд л УИХ-д гараад ирсэн. Өөөр нэг нь би одоо тантай уулзана, яг 12 цагаас уулзана гээд л хулхидаад алга болчихож байгаа байхгүй юу. Тэгсэн чинь хүү нь нас барчихаж байгаа юм. Их эвгүй шүү дээ. Ноомой хандах их аюултай. Миний юм их ширүүн л дээ.

-Та хүмүүсийг дугаарлаж харилцдаг уу?

-Тийм юм байхгүй. Тийм шашин гэж байдаг ч үгүй юм. Тэр сайд, энэ ард гэж болохгүй шүү дээ. Тэр нь төдөн төгрөг өглөө, энэ нь төдийг өглөө гэж болохгүй. Буяны араас явж байгаа болохоор тэр хүнийг аль болох сайн сайхан явуулахын төлөө, хүнд муу юм хийнэ гэж байдаггүй. Тэр нам, энэ нам гэх юм бас байхгүй.

-Тантай уулзъя гэвэл яаж уулзаж болох вэ?

-Болно л доо. Гандангийн наана нэг өрөө байдаг юм. Тэнд их тогтдоггүй, хүмүүс аваад явчихдаг болохоор. -Намайг олон хүн мэдэх юм даа. Утас байгаа (99081183 дугаартай юм байна).

-Сүүлийн үед уяачид Таныг авч яваад уул усаа тахиулаад байх шиг...

-Морио түрүүлгэхийн тулд хөл нүцгэн гүйж явсан төрсөн нутгийнхаа уул усыг тахиулдаг. Тэндээ Дамдинянцан, Баян Намсрай, Гонгорыг буулгаж бөөлдөг. Тэгээд л морь нь  сайхан давхидаг юм даа. Их хурд-2 наадамд би Ононгийн буурал морийг сайн хийж өгсөн. Зөндөө бий дээ. Тоогоод аваад явчихаж байгаа болохоор нөгөө юм нь сайн л болж байгаа юм. Өнөөдөр хүртэл Хүй долоон худгаас шадар сайдтай ирлээ. Эцсийн эцэст бөхчүүд намайг их шүтдэг болсоон. Санчир байна, заан болчихлоо. Хархориныхон Санчирыг начин болохгүй ээ, энэ чинь мэддэггүй хүн байна гээд л байсан начин болчихож л байгаа байхгүй юу. За одоо начингаас дээшээ гарна наадахь чинь заан болно шүү гэсэн чинь энэ жил заан болчихож байгаа юм. Наадмын өмнө би Мөөеө аваргад хэлсэн юм. Та бол Тоорой банди шиг болох юм байнаа гэж. Хүргэн нь начин болоод ёстой л Тоорой банди шиг болсон доо. Бөхчүүд чинь мэддэг болохоороо бие биедээ хэлдэг ч үгүй юм билээ. Миний өгсөн юмыг аваад л захандаа хийгээд засал нь болчихож байгаа юм. Манай Элбэг байна, Өсөхөө аварга энэ тэр чинь намайг жигтэйхэн шүтнэ шүү дээ.

Шулуухан хэлэхэд би хүнийг харж байгаад л хэлнэ. Эрхи татаад л, гарын алга хараад л, өөрийнх нь нүүрэн дээр бүх толио байдаг. Хүний оюун ухаан чинь тэр нүүрэн дээр л байгаа байхгүй юу. Би юу хэлэх вэ, би энэ хүнээс юу хүсч байна гэдэг нь нүднээс нь харагддаг. Нүд чинь өөрөө гал цог учраас цугаараа нүдэнд байж байдаг юм.

-Олон хүнд буян хийж байгаа хүний амьдрал ахуй ч дэвжиж дээшилнэ биз дээ.

-Миний амьдрал зүгээр ээ. Муу юм ердөө байхгүй. Тав зургаан бандитай, сайн л явдаг юм. Өөрөө ч сайн юмыг нь хийж өгдөг. Хүнд муу юм хийгээгүй болохоор тэр хүүхдүүд сайн яваа байхгүй юу. Би тэгж боддог юм. Архичин хүүхэд байхгүй. Учиргүй болохоо байчихсан хүүхэд байхгүй. Харин шүтээд бишрээд жаахан байхдаа дагаад явж байсан хүүхдүүд бий. Юм үздэг юм уу гэхээр үздэггүй. Тэгсэн хэрнээ Гандангаар яваад номоо уншуулаад бүх юмаа хийлгээд явдаг. Энэ чинь ийм учиртай юм байна, тэр чинь харын талынх гэнэ, шарын талынх гэнэ. Энэ Цагаан шүхэрт ном ямар учиртай юм бэ гэж ирээд асууж байна. Цагаан шүхэрт чинь хар, цагаан хэл ам, хүний таван цул эрхтэнд бүгдээрэнд нь хэрэг болдог. Тэрүүгээр чинь бөө бууна шүү дээ би. Онгодыг нь оруулаад бөө буулгаад ирэхээр лус савдаг чинь шал өөр болдог юм.

-Та жирийн ард олонд захиж хэлэх юм байна уу. Энэ цаг үед яаж явах ёстой юм бэ?

-Биеэ л анхаарах хэрэгтэй. Хэл ам, хараал бол яахав дээ. Миний хүмүүст би юмыг нь хийчихсэн учраас хэл ам хүрэхгүй. Уулзаж байгаа хүндээ анхаарах хэрэгтэй. Архичин байна уу, хулгайч байна уу хамаагүй л дээ. Амьдралд өөрт нь буруу нөлөө байна уу гэдгийг өөрөө анхаарч явах ёстой. Монголчууд чинь өөрөө өөртөө бурхан болчихсон байна шүү дээ. Өөрийгөө зөн совингоороо айхтар мэддэг хүн байна. Лус савдагтай ч зөв харилцах хэрэгтэй. Сайхан булаг байна гээд сүү өргөж болохгүй. Архийг уулын овоон дээр очоод өргөдөг. Тэр бас болохгүй. Уул ус, лус савдаг тахихад чинь ер нь зан үйл их байдаг юм шүү дээ, маш учиртай. Манайхны зарим нь учраа олохгүй юмаа. Би хүн муу хэлж чадахгүй л дээ. Ярвайчихсан юу ч мэдэхгүй лам байна шүү дээ. Гэсэн ч хүн юм чинь юу хэлэх вэ дээ. Миний хүү буруу байна шүү, чи олонтойгоо зөв харилц, хүний өөдөөс инээж бай гэж хэлдэг. Надаас ганц хоёр юм асууя гээд ирдэг лам ч байдаг л юм.

-Тулсан юманд хамгийн түрүүнд сэтгэлд тань юу багтдаг вэ?

-Лус савдаг. Лус савдагтай зөв харилцах хэрэгтэй. Түүнээс би мөнгө дууддаг, энэ тэр гэж муухай юм яриад өөрийгөө сурталчлаад байдаггүй. Өөдлөхөө байчихсан, тийм хүмүүс зөндөө бий. Би хүний толгойг угааж чаддаггүй. Яг ямар байна, түүгээр нь л хэлчихдэг. Зарим лам номоор буруу бизнес хийгээд байна. Би засал хийдэг, чаддаг. Шинийн 15-ны хурлыг манайх худалдаад авчихсан гээд зарим хийд зарлал хүртэл биччихсэн байсан. Тийм засал гэж байдаггүй байхгүй юу. Гэхдээ би лам нарт бүгдэд нь сайн шүү. Пүрэвбат байна, хамба Дамбажав гуай гэхэд улам залуужаад сайхан байна. Ийм улсад чинь зарим хүн атаархаад байх юм. Болохгүй, би ийм юманд их дургүй. Тэр үйтэн хуараа өмсөнө үү, даалимбаа өмсөнө үү, ямар хамаа байнаа. Байгаагаараа л байх хэрэгтэй.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ