Ливид олон арван хүн архинд хорджээ

img

Ливи улсад 51 хүн хуурамч архинд хордож нас баржээ. Эрүүл  мэндийн яамны мэдээлснээр,  Триполи хотын эмнэлэгт 38 хүн,  түүнчилэн эх орондоо эмчлүүлэхээс татгалзан хөрш Тунис улсад аваачих гэсэн  бас 13 хүн замдаа нас барсан байна.  Үүний зэрэгцээ метилийн спиртэд хордсон гэсэн оноштой бас 378 хүн эмнэлгүүдэд байгаа ажээ. Нүд нь юм харахаа больж, бөөрний дутмагшилд орсон шинж тэмдэг бүхий хүмүүс  эмнэлэгт ирсэн эхний тохиолдлууд бүр гуравдугаар сарын 8-нд бүртгэгдсэн байна.Тэдний нэлээд нь нийслэлийн захын дүүрэгт аж төрдөг 19-50 хүртэл насны эрчүүд ажээ. Тэд архийг энэ дүүргээс худалдаж авсан бололтой. Өөрийн аюулгүй байдлыг бодон, согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзахыг Ливийн Эрүүл мэндийн яамны төлөөлөгчид хүн амд уриалжээ. Согтууруулах ундаа хэрэглэхийг коран сударт хориглосон бөгөөд архи уух нь “Ливийн лалын шашинт ард түмний ёс сурталууны болон шашны хэм хэмжээнд харш” гэдгийг тус яамны ажилтнууд онцлон дурджээ. Ливид согтууруулах ундаа худалдаж, хэрэглэхийг албан ёсоор хориглосон ч,  Муамар Каддафийн дэглэм унаснаас хойш тус оронд хар зах эрчимтэй хөгжиж,  согтууруулах ундаа төдийгүй, зэвсэг, мансууруулах бодисыг хүмүүст ямар ч хамаагүй хэмжээгээр худалдах болжээ. 2012 онд Ливийн хүчний байгууллагынхан хэд хэдэн удаа их хэмжээний согтууруулах ундааг илрүүлэн устгасан байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ