
Догшин хутагт Дулдуйтын Данзанравжаагийн хойд дүрийг тодруулсан талаар Дорноговь аймгийн нутаг дахь Хамарын хийдийн лам нар болон нутгийн сүсэгтэн олны төлөөлөл мэдээлэл хийлээ. Монгол нутагт шарын шашин үүссэн тэр үеэс говь нутагт 1622 онд анхны ноён хутагт Агваангончигийг тодруулан залж байжээ. Говийн анхны ноён хутагтаас хойш найман дүрийг тодруулсан байдаг гэнэ. Тэдний дундаас монгол түмэнд хамгийн алдартай нь Догшин ноён хутагт Данзанравжаа ажээ.
Данзанравжаа нь говийн хутагтын тав дахь дүр бөгөөд 1803-1856 онд говь нутагт шарын шашныг дэлгэрүүлэх үйлсийг дэлгэрүүлэхийн зэрэгцээ соёлын үнэт өвийг үлдээсэн нэгэн юм. Түүнээс хойш говийн хутагтын дүрийг гурвантаа тодруулсан гэнэ. Хутагтын наймдугаар дүр болох Агваансамданжамцыг 1933 онд тодруулан залсан байна. Тэрбээр 1968 оныг хүртэл амьдрахдаа хэлмэгдэж, зовж зүдэрч яваад шоронд амиа алджээ. Түүнээс хойш говьд хутагт мэндлээгүй байсан ч нутгийн олон хутагтын хойд дүр хэзээ нэгэн цагт эргэн мэндэлнэ гэсэн итгэлээ гээгээгүй гэдгийг Хамарын хийдийн захирал З.Алтангэрэл онцолсон.
Харин энэ сарын 2-ны өдөр Энэтхэгийн Дармасалад Дээрхийн гэгээн 14 дүгээр Далай лам говийн хутагтын ес дэх дүрийг тодруулсан байна. Говийн хутагтын есдүгээр дүр Данзанлувсантүдэвийн даншиг мандал өргөх, сэнтийд залах ёслол нь энэ сарын 7-нд өдөр болжээ. Нэмж дуулгахад, хутагтын есдүгээр дүр нь бага наснаасаа сүм хийдэд шавилан суусан гэнэ. Тэрбээр 1984 оны хулгана жил Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт төрсөн, эгэл жирийн малчин айлын хүү юм. Говийн хутагт ирэх сард Монголдоо ирж, Хамарын хийддээ сэнтийд залах ёслолд оролцож аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ