Интернэт дэх хяналт цагдалтыг эсэргүүцэх дэлхийн өдөр
Интернэт дэх хяналт цагдалтыг эсэргүүцэх дэлхийн өдөрт зориулан “Хил хязгааргүй сурвалжлагчид” гэдэг олон улсын байгууллага “Сүлжээний мониторингийн тухай тусгай илтгэлийг” мягмар гарагт нийтлүүлжээ.
Мэдээллийн системд хөндлөнгөөс оролцож, мэдээг замаас барьж авах технологи байдгийг далимдуулан зарим улс сэтгүүлчид, иргэний идэвхитнүүд болон өөр санаа бодолтой хүмүүсийг баривчилсаар байна гэсэн дүгнэлтийг шинжээчид хийжээ.
Баримт бичигт тэмдэглэснээр, одоогоор 180 орчим кибер-идэвхитэн интернэтэд мэдээллийн үйл ажиллагаа явуулсныхаа төлөөсөнд шоронд хоригдож байна.
Илтгэлд “Интернэтийн дайсан таван орныг” дурдаж, интернэтийг байнга хянаж, хүний эрх ноцтой зөрчдөг улсууд энэ жагсаалтад оржээ. Дээрх байгууллага эдгээр орны тоонд Сири, Хятад, Иран, Бахрейн, Вьетнамыг оруулсан байна. Эдгээр орны засгийн газар идэвхитэй “тагнуулч” маягаар ажиллаж, интернэтэд хяналт тавих гэсэн санаархал болон онлайн-мөрдөлт нь өөр санаа бодолтой хүмүүсийн эсрэг чиглэжээ.
Энэ жагсаалтад Орос улс ороогүй ч, “бага насны хүүхдүүдийг” хамгаалах эрх ашгийн үүднээс ажиллаж байна гэх Оросын засгийн газар “хортой” сайтууд гэгчийн “хар данс”-ыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас гаргаж эхлэсэн байна.
Илтгэл бичигчдийн үзэж байгаагаар, эдгээр сайтыг шүүхийн ямарваа тогтоолгүйгээр хааж, менежерүүдийг нь хуулийн хамгаалалт авах эрхгүй болгожээ.
Хориглосон контентд порно, хэт даврах үзэл, мансууруулах бодис хэрэглэх, амиа хорлохыг өөгшүүлэх явдлыг хамруулсан ч, Орост хориглосон контентын тодорхойлолт нь “их өргөн бөгөөд бүрхэг”, харин энэ үйл явцад хяналт тавьдаг байгууллагууд нь зохих ёсны бие даасан байдалгүй байгаа нь сайтуудыг “хэт хавтгайруулан хаах үндэс бүрдүүлж байна”.
Оросын бүх шинэ сайт ямар насныханд зориулагдсан тухай мэдээлэл нийтлүүлэх ёстой гэж илтгэлд дурджээ.
“Онлайн-мөрдөлт нь сэтгүүлч, иргэний сэтгүүлч, блогерууд болон хүний эрх хамгаалагчдын хувьд улам их аюул болж байна. Мэдээллийг хянахыг санаархаж буй дэглэмүүд цагдан хянах, хэрэглэгчдийн хүсэл зоригийг сөрөн, тэднийг мөшгих маш нарийн арга хэрэглэж, мэдэгдэлгүйгээр ажиллахыг илүүд үзэж байна” гэж “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуар харамсан тэмдэглэжээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ