Гитлерийн амь насанд халдах оролдлогод оролцсон сүүлчийн хүн нас баржээ
1944 оны долдугаар сарын 20-нд хурандаа, гүн Клаус Шенк фон Штауффенберг тэргүүтэй Вермахтын хэсэг офицер, генералын үйлдсэн Адольф Гитлерийн амь насанд халдах гэсэн бүтэлгүй оролдлогод оролцогчдын сүүлчийнх болох Эвальд-Хайнрих фон Клейст Германд нас баржээ. Эндхийн хэвлэлд мэдээлснээр, тэр гуравдугаар сарын 8-нд Мюнхен хотод 90 насандаа нас барсан байна.
Мюнхений Аюулгүй байдлын бага хурлыг үндэслэгч гэж тооцогддог фон Клейст фон Штауффенбергийн ойрын хамтран зүтгэгч байсан бөгөөд хурандаа түүнийг эсэргүүцлийн хөдөлгөөнд биечлэн татан оруулжээ. 1944 оны долоодугаар сарын 20-нд фон Клейст Берлин хотод байсан бөгөөд СС-ийн цэрэг, танкийн “Лейбштандарт СС Адольф Гитлер” дивизийн шилмэл ангиудыг татан буулгах ажлыг ажиглах ёстой байжээ. “Валькирия” ажиллагаа бүтэлгүйтсэний дараа тэр Гитлерийн амь насанд халдах оролдлогод оролцож байснаа нууж чадсан ч, баривчлагдаж, шорон, дараа нь бөөнөөр хорих газарт оржээ.
Дайны дараа фон Клейст нийтлэлчээр ажиллаж байсан байна. 1962 онд тэр Мюнхений аюулгүй байдлын бага хурлыг үндэслэж, уг нь уг бага хурлыг НАТО-гийн гишүүн орнуудын “батлан хамгаалах байгууллагын төлөөлөгчдийн” уулзалт болгохоор сэдэж байжээ. 1999 оноос уулзалтад Төв болон Зүүн Европын улсуудын улс төрчид болон цэргийнхэн, түүнчлэн бизнесийн төлөөлөгчид оролцох болсон байна. Одоо бага хурал эдийн засгийн бүлгийнхэн, иргэний нийгмийн төлөөлөгчид, улс төрчдийн уулзах чухал газар болж, аюулгүй байдлын бодлогын салбарын шинэ санаачлага, олон улсын асуудлыг хэлэлцдэг байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ