Баруун Европыг цасан шуурга дайрлаа
Энэ жилийн өвөл Ази төдийгүй Европ, Ойрхи Дорнодод хатуухан болж байна. Өнөөдрийн байдлаар Баруун Европын ихэнх орнуудад цасан шуурга шуурч өвлийн нөхцөл байдал хүндхэн байгаа хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Эдгээр орнуудад их хэмжээний цас орж, цасан шуурга шуурч байгаа нь зарим төрлийн тээврийн хэрэгслийг зогсооход хүрээд байгаа аж. Нэн түрүүнд бүх төрлийн нислэгүүдийг цуцалж, мөн зарим чиглэлийн хурдны галт тэргүүд хот хооронд зорчихгүй байгаа юм.
Хэдийгээр хаврын улирал эхлэх цаг болсон хэдий ч цас их хэмжээгээр орсоор байгаа энэ үзэгдлийг европчууд хожуу өвөл хэмээн нэрлээд байгаа. Зарим хотуудад энэ цас ес дэх хоногтоо үргэлжлэн орж байна. Үүнээс үүдэн зарим хэсэгт тог цахилгаан тасарч 80 мянга орчим айл цахилгаангүй байгаа бөгөөд тэдгээр хүмүүс гэрээсээ ч гарч чадахгүйд хүрээд байгаа гэнэ. Цасны дундаж зузаан нь 30 см-ээс давсан учир байдал ийнхүү хүндэрсэн бөгөөд зарим хотуудад сургууль цэцэрлэг болон төрийн үйлчилгээний байгууллагуудыг түр хугацаагаар хаасан байна.
Франкфуртын нисэх онгоцны буудал европын хамгийн ачаалалтай буудалд тооцогддог. Гэтэл нийслэгүүд цуцлагдаж олон мянган хүн буудлын хүлээлгийн танхимд хонож байгаа аж. Тэдний дунд буудал дээр хоёр гурав хоносон хүмүүс ч байгаа юм. Гурав хоногийн дотор энэ буудалд 1300 орчим нислэг цуцлагдсан байна. Түүнчлэн “Евростар”-ын хурдан галт тэрэг мөн зогссон юм. Энэ хурдан галт тэрэг Лондон, Парис, Брюселль зэрэг хотуудаар аялдаг.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ