
Нийслэлийн ИТХ-ын 02 дугаар сарын 25-ны 3/32 тоот тогтоолоор “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам”-ыг баталсан. Уг журмын дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламжийг байрлуулахыг хориглосон цагаан бүсийг тогтоон, энэ бүсэд харъяалагдах Их тойрог, Энхтайвны гудамж, Чингисийн өргөн чөлөө болон Яармагаас цааш наадамчны зам хүртэлх гудамж талбайд аливаа зар сурталчилгааны самбар байрлуулахгүй зөвхөн мэдээллийн самбар бүхий байгууламжийг бий болгохоор тогтоосон.
Дээрх цагаан бүсэд байрлуулсан болон хотын өнгө үзэмж, замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж үзэгдэх орчинг хязгаарлаж буй самбаруудыг буулгах ажил дүүрэг бүрт эхлээд байна. Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижилтын хэлтсээс хориглосон бүсэд байрлах самбаруудын жагсаалтыг эцэслэн гаргасан бөгөөд холбогдох байгууллагуудад нь албан тоот хүргүүлэн энэ сарын 22-ны дотор буулгах үүрэг өгчээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ