ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
УИХ-ын дарга З.Энхболд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч Рикардо Миглиори тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Монгол Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын 57 дахь гишүүнээр элсэн орсонд баяртай байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн эрхэмсэг ноён Рикардо Миглиорийн айлчлал нь манай улс ЕАБХАБ-ын гишүүн улс болсноос хойш хэрэгжиж буй дээд хэмжээний анхны айлчлал гэдгийг онцолсон юм.Ноён Р.Миглиори мөн айлчлалд тааламжтай байгаагаа илэрхийлээд Монгол Улс ЕАБХАБ-ын гишүүн улс болсон нь бидний хувьд олзуурхууштай, ач холбогдолтой үйл явдал болсон хэмээн онцоллоо. Түүнчлэн ЕАБХАБ-ыг танилцуулж энэ оны зургадугаар сард Туркийн Станбул хотноо болох чуулга уулзалтад Монголын парламентын төлөөлөл оролцохыг урьсан юм.Манай улс ЕАБХАБ-д гишүүнээр элссэнээр олон тулгуурт гадаад бодлогоо бэхжүүлэх, түүний дотор аюулгүй байдлын асуудлаар гишүүн орнуудтай хамтран ажиллах, мэдээлэл, туршлагаа харилцан солилцох, яриа хэлэлцээ хийх, ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн ээлжит чуулгануудад тогтмол оролцох нөхцөл бүрдэж байгаа юм байна. УИХ-д ЕАБХАБ-ын парламентын бүлэг байгуулагдаж даргаар нь УИХ-ын гишүүн М.Батчимэг ажиллаж байгааг УИХ-ын дарга уулзалтын үеэр мөн танилцууллаа. Түүнчлэн УИХ-ын сонгуулийн системийн талаар мэдээлэл өгч, улс төр, дипломат хамтын ажиллагаагаар аюулгүй байдлаа хангах нь манай улсын гадаад бодлогын үндсэн чиглэл болдог гэж Парламентын тэргүүн хэллээ.
Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь ЕАБХАБ-ын Парламентын бүлгийн дарга М.Батчимэг, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг болон албаны бусад хүмүүс байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ