Сирийн дайнд хоёр сая гаруй хүүхэд оролцож байна

img

Сири улсад дайн эхэлсэн цагаас хойш өдгөө хоёр жилийн хугацаа өнгөрч байна.  Энэ хугацаанд сирийн сая гаруй иргэд, тэдгээрийн дийлэнх нь хүүхэд эмэгтэйчүүд хөрш зэргэлдээ орнууд руу дүрвэн гарсан. Харин 90 орчим мянган хүн амь насаа алдсан байна. Сүүлийн саруудад Сирийн Засгийн газар болоод, сөрөг хүчний цэргүүд өсвөр насы хүүхдүүдийг дайнд оролцуулж байгааг НҮБ-ийн Хүүхдийн эрхийг хамгаалах сангаас мэдээлж байна. Цэргүүд хүүхдүүдийг туслах ажилчин байдлаар ашиглаж байгаа ба зэвсэг зөөлгөх, мэдээлэл дамжуулах, зарим тохиолдолд дайны талбарт ч гаргадаг ажээ. Хүүхдийн  эрхийг хамгаалах төвийнхний урьдчилсан  тооцоогоор уг дайнд хоёр сая гаруй хүүхэд ямар нэгэн байдлаар оролцож байгаа гэж мэдээллэв. Тэдгээр хүүхдүүдийг дайнд оролцуулахгүй байх талаас нь Хүүхдийн эрхийг хамгаалах сангийнхан хөөцөлдсөн боловч хүүхдүүд “Бид зүгээр дээ, харин энэ дайныг хурдан дуусгаж энх тайван амьдрахыг хүсэж байна. Дайныг хурдан дуусгахын төлөө  зүтгэж байна” хэмээн ярьжээ. Гэхдээ хүүхэд бүр сайн дураараа дайнд оролцоогүй, зарим хүүхдүүдийг албадлагаар дайнд оролцуулж байгаа нь мэдээжийн хэрэг юм. Дайнд оролцож байгаа хүүхдүүд ихэвчлэн 16-аас доош насныхан байгаа бол тэдний дунд 10 нас ч хүрээгүй хүүхдүүд ч байгаа аж. Мөн дайнд оролцоогүй Турк улсад дүрвэн гарсан хүүхдүүдийн хувьд ч сэтгэл санааны дарамтанд байгаа гэнэ. Тодруулбал, дүрвэгч дөрвөн хүүхэд тутмын гурав нь ойр дотныхоо, эцэг эх эсвэл ах эгчийгээ алдсан хэмээн ярьж байгаа гэнэ. Тэдгээр хүүхдүүд сэтгэл санааны тогтворгүй байдалд амьдрах орчин нөхцөл тун тааруу байгаа аж. Эрүүл мэндийн ямар нэгэн үйлчилгээ авах боломж бага. Үүнээс шалтгаалан өвчин  тусах, үүнийгээ эмчлүүлэх нь ховор. Түүнчлэн  олон сарын турш нийтийн хуаранд амьдарч байгаа зэрэг нь хүүхдүүдэд олон талын сөрөг нөлөө үзүүлсээр байна. Хэдийгээр олон улсын байгууллагууд хандив тусламж үзүүлж байгаа хэдий ч тэндэхийн хоол хүнс тун ч хомс байдаг. Мөн хүүхдүүдийн боловсрол орхигдсон гэж болно. Дайн тулаан эхэлсэн цагаас хойш нийслэл хот болон дайн болж байгаа хотуудад хоёр мянга орчим сургууль үүдээ барьжээ. Тиймээс Сири дахь дайны хөлд өрсөн хүүхдүүд мартагдсан хохирогчид болсоор байна. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ